Британид багш, төрийн албан хаагч, галт тэрэгний машинч, их сургуулийн багш нар оролцсон, сүүлийн 10 жилд хамгийн томд тооцогдох ажил хаялт болов. Инфляц өндөр, засгийн хямрал нүүрлэсэн энэ үед цалингаа нэмэгдүүлэхийг эсэргүүцлийн жагсаалд оролцсон 500 мянга орчим хүн, тэдний дотор 300 мянга орчим багш Засгийн газраасаа шаарджээ. Гэтэл Сайд нарын танхим нь инфляцын өсөлтийг улам ихэсгэнэ хэмээн болгоомжилж, цалин нэмэх талаар буулт хийх гэж яарахгүй байна. Үүний сацуу эсэргүүцлийн жагсаал Ерөнхий сайд Риши Сунак болон түүний Консерватив намын хувьд улс төрийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй. Тус нам олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар гол өрсөлдөгч лейбористуудаас хол хоцорчээ.
“Ковид-19” цар тахлын үеэс эхлэлтэй, Украинд болж буй дайны улмаас хурцадсан нийгэм, эдийн засгийн хямралаа шийдвэрлэх гэсэн Британийн одоогийн Засгийн газрын оролдлогууд бүтэлгүйтсээр байгаа нь тус улсыг бүхэлд нь хамарсан ажил хаялтын давлагааг дээд цэгт хүргэж буйг“Reuters” агентлаг тэмдэглэв. Зохион байгуулалттай ажил хаялт, жагсаалын улмаас олон мянган сургууль бүтэн нэг өдөр хаалттай байсны сацуу төмөр замын тээврийн салбарт ноцтой асуудал үүсэж, төрийн хэд хэдэн байгууллага, тухайлбал, Британийн алдарт музей хүртэл ажиллаагүйг ВВС уламжиллаа.
Риши Сунакийн Засгийн газар ажил хаялтыг таслан зогсоох, тэр дундаа цагдаагийн эрх мэдлийг өргөжүүлэх шинэ хууль санаачилж буйг эсэргүүцсэн жагсаалыг ирэх долоо хоногт эмч, сувилагч нар, эрүүл мэндийн салбарын бусад ажилтан зохион байгуулах гэж байна. Британийн инфляц өдгөө сүүлийн 40 гаруй жилд байгаагүй өндөр буюу 10 хувиас давав. Кир Стармер тэргүүтэй лейбористууд бүх санал асуулгад эрх баригч Консерватив намаас илүү амжилт үзүүлсээр. “YouGov” компанийн мэдээлснээр сонгогчдын 45 хувь нь лейбористууд, 26 хувь нь Консерватив намыг дэмжиж буй аж. Риши Сунакийг сайн Ерөнхий сайд гэж судалгаанд оролцогчдын ердөө 22 хувь нь үзжээ. 2024 оны эцэс, 2025 оны эхээр бүх нийтийн сонгууль болох тул Риши Сунакт нийгэм, эдийн засгийн хямралаа шийдвэрлэх хугацаа бага үлдсэн. Тус улсын сөрөг хүчин хугацаанаас өмнө сонгууль зохион байгуулахыг шаардаж байгааг сонгогчдын дийлэнх хэсэг дэмжиж буй. “Ipsos” компанийн мэдээлснээр өнгөрсөн сард британичуудын 55 хувь нь консервативчуудын Засгийн газрыг өөрчлөх цаг болсон гэж үзжээ.