Нийслэлийн хэмжээнд ачаалал, даац нь хэтэрсэн сургууль 20 гаруй байна. Тэдгээрт хүүхдийн тоо стандартаас хэтэрч, сургалт явуулахад хүндрэл учран, багш, сурагчид эрсдэлтэй нөхцөлд байгаа аж. Жишээ нь, 153 дугаар сургууль 960 хүүхдийн багтаамжтай ч өдгөө 2500 гаруй хүүхэд суралцаж буй гэнэ. Учир нь 12 дугаар сургуулийнхан ч дээрх сургуулийн байранд хамт хичээллэж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг шалтгаанаар 12 дугаар сургуулийн барилгыг акталж, сурагчид нь өөр газарт хичээллэхээс өөр аргагүй болжээ. 153 дугаар сургуульд ийнхүү 2500 гаруй хүүхэд суралцаж байгаа атал төсвийг нь бүртгэлтэй 960 сурагчаар бодож олгосноос нөхцөл байдал хүндэрч, сандал, ширээ, хичээлийн бусад хэрэглэхүүн ч хүрэлцээгүй болжээ. Тиймээс дээрх хоёр сургуулийнхан уг бэрхшээлээ шийдүүлэхээр нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо, нийслэлийн Боловсролын газар зэрэг байгууллагад хандаад буй аж. Ташрамд дурдахад, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, энэ хичээлийн жилээс ачаалал нь хэтэрсэн боловсролын байгууллага байхгүй болно гэж Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн оны хавар мэдээлж байв. Бас энэ чиглэлээр цөөнгүй арга хэмжээ авч буйгаа мэдэгдсэн ч бодит байдалд дээр дурдсан шиг асуудал тулгарсаар байна.
Бэлтгэсэн М.Оч