Иргэн Н гурван настай охиноо улсын цэцэрлэгт хамруулахаар өнгөрсөн наймдугаар сард бүртгүүлжээ. Гэвч хуваарилагдсан цэцэрлэг нь одоо болтол үйл ажиллагаагаа эхлүүлээгүй, бяцхан суралцагчдаа хүлээж аваагүй байна. Аравдугаар сарын 15-наас жигдэрчихнэ, цаад тал нь арванхоёрдугаар сарын 1 гэхэд хүүхдүүдээ хүлээж авна хэмээн тус цэцэрлэгийнхэн эцэг, эхчүүдийг аргалсаар, хуурсаар өдий хүрчээ. Шалтгаан нь шинэ цэцэрлэг тохижуулахад шаардлагатай тавилга, эд хогшил худалдан авах тендер удааширснаас үүдэлтэй гэх. Мөн цаг агаарын онцлогоос болж сантехникийн ажил нь саатсан гэж тайлбарласан байна. Охиныг нь харах хүн байхгүй тул Н өнгөрсөн хагас жил орчмын хугацаанд аргагүйн эрхэнд гэрээсээ ажлаа хийжээ. Ээжийгээ ажлаа хийх зуур бяцхан охин нь өрийгөө саатуулах “үүрэг” хүлээдэг гэнэ. Ингэхдээ ихэнхдээ зурагтаар хүүхэлдэйн кино үзэж, таблет, гар утсаар тоглоом тоглодог аж. Заримдаа 2-3, түүнээс ч олон цагаар тасралтгүй дэлгэц ширтэх тохиолдол цөөнгүй. Тэрбээр ажил багатай үедээ охиноо дэлгэцээс аль болох хол байлгахыг хичээв ч өнөөх нь дийлдэхээ больж. Өглөө боссон даруйдаа зурагт асаахыг шаардаж, боломж гарвал л ээж, аавынхаа утсыг шүүрч авдаг болсон гэх. Охин өмнө нь ном унших, зураг зурах дуртай байсан бол сүүлийн үед сонирхол нь эрс өөрчлөгджээ. Ааш аяг нь ч олдохоо байж. Энэ байдалэцэг, эхийнх нь санааг хамгийн их зовоох болжээ.
Охиноо өөр цэцэрлэгт элсүүлье гэхээр төлбөр мөнгөнөөс эхлээд орчин нөхцөл, аюулгүй байдал зэрэг олон зүйл сэтгэлд нь нийцдэггүй, дарамт болдгийг залуу гэр бүл хэллээ. Н бүсгүй ажлын шаардлагаар гадагшаа гарах тоолондоо хүүхдээ хаана үлдээх, хэнд даатгах вэ гэж толгойгоо гашилгадаг гэнэ. Амралтын өдөр салхилуулах гэхээр заавал хотоос зайдуу гарах шаардлагатай болдог, үе тэнгийнхэнтэй нь тоглуулж, хамт байлгая гэхээр тийм орчин, боломж ховор гэх. Тэгээд л гэртээ зурагтаа үзэж үлдэх сонголтгүй сонголттой нүүр тулах нь олон аж. Хэдийгээр энд эцэг, эхийн хариуцлагын асуудал яригдах ч тогтолцооны гэж хэлж болохоор зүйл үүнээс ч хурцаар хөндөгдөж байгаа юм. Хэрэв энэ гурван наст цэцэрлэгт явж байсан бол түүнийгэр бүлд ийм асуудал тулгарах уу. Ээж, аав нь хүүхдийнхээ хөгжил, нийгэмшилд ингэтлээ санаа зовж, өөрсдийгөө буруутгах байсан болов уу. Бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар элбэг байсан бол тэд хүүхдээ ийнхүү гэрт нь “хаших” байсан уу. Салхилуулах, тоглуулах зэрэг наад захын хэрэгцээг нь хангахын тулд амралтын өдөр заавал ийш тийш, хол явах шаардлага бий юү. Зөвхөн Н-ийн гэр бүлд ч биш, бага насны хүүхэдтэй олон айлд ийм асуудал тулгарч байгаа. Нийслэлд гэхэд л өнөө жил цэцэрлэгийн насны 20 мянга орчим хүүхэд “алба”-гүй хоцорсон. Улсын хэмжээнд, мөн цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргаагүй, бүртгэлгүй багачуудыг оруулбал энэ тоо хэд дахин өсөхийг таашгүй. Тэгэхээр олон мянган хүүхэд түүн шиг сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй, сурч хөгжих эрхээ хязгаарлуулан гэртээ байгаа гэсэн үг. Зурагт, утсаар “хань татаж”, өдрийг өнгөрөөдөг нь ч цөөнгүй. Өөрөөр хэлбэл, манай нийгэм хүүхэд багачуудыг хохироох нөхцөл шалтгаан бүрдүүлж, тэднийг гунигтай өсөх сонголт руу түлхэж байна.
...Тэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа ч, боловсролд хамрагдахдаа ч ялгаварлан гадуурхагдсаар. Монгол хүүхдүүд ийм л харгис, ээлгүй нийгэмд өсөж, хүмүүжиж байна. Ийм байхад зурагт, утастай нөхөрлөхөөс, гадаадын контент үзэхээс яах билээ...
“Бага насны хүүхдүүд дэлгэцэд донтох нь ихэслээ”, “Гар утас, зурагт удаан хугацаагаар үзсэнээс болж сурагчдад олон төрлийн сөрөг нөлөө илэрч байна”, “Дэлгэцийн хамаарлаас үүдэлтэй стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг эрс өслөө” гэсэн мэдээлэл, эмч, сэтгэлзүйчдийн элдэв зөвлөгөө, сургамж нийгмийн сүлжээнд олширсон. Тэр бүрт эцэг, эхчүүдийн хариуцлагын асуудал ёс юм шиг хөндөгддөг. Дийлэнхдээ тэднийг буруутгадаг. Энэ нь ч нэг талаараа зөв. Гэтэл нөгөө талд нь нийгмийн шалтгаант хүчин зүйлс гэх үүнээс ч том асуудал бий. Манай улс наанадаж л бага насны хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулж чадахгүй байна. Цэцэрлэгийн багачуудад ч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ч тэр, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар, орчин нөхцөл алга. Сургууль, цэцэрлэгүүд нь спортын талбайгаа газрын наймаачдад алдаад дуусчихсан. Хаа нэг тааралддаг хөлбөмбөг, сагсны талбай нь ихэнхдээ цоожтой. Орон сууцын хотхон, хорооллуудын дундах тоглоомын талбайнууд нь аюулгүй байдлын наад захын стандарт, шаардлага хангадаггүй, дээрээс нь хүртээмжгүй.
Та бүхэн амсхийгээд бодоод үзээрэй. Монголд хүүхдийн гэх тодотголтой номын сан, театр, музей, тоглоомын төв, спорт цогцолбор, кафе хэд бий вэ. Урлаг, спорт, шинжлэх ухаан, техник, технологийн төрөлжсөн сургалт, хөтөлбөр хэрэгжүүлдэг хүүхэд хөгжлийн цогцолбор байдаг уу. Гэрийн тань ойр орчимд ийм газар бий юү. Хүүхдэд зориулсан монгол контент хэр элбэг вэ. Алиных нь ч хариулт урам хугална.
Манай улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь аж төрдөг нийслэл Улаанбаатар хотод гэхэд л хүүхдийн тоглоомын төв хуруу дарам цөөн байдаг. “И-Март”, “Хүннү молл”, “Зайсан хилл”, “Шангри-Ла молл”, “Аз молл”, “Найт плаза” зэрэг худалдааны газар ашиг олох зорилгоор л ийм төв ажиллуулдаг. Тэдгээр нь ямар ч зохион байгуулалтгүй, замбараагүй. Хэдэн гулсуур, олон тооны бөмбөлөг голдуу байршуулчихсан байдаг. Хүүхдүүдийг ямар ч насны ангилалгүй, нэг доор тоглуулдаг. Үүнээс болж бага насны хүүхдүүд гэмтэж, бэртэх нь ч бий. Энэ тоглоомын газрууд амралтын өдөр олны хөлд дарагддаг учраас эцэг, эхчүүд зүглэхээс ч халширдаг юм билээ. Ханиад, томууны улиралд бүр зүглэлтгүй. Амьтны хүрээлэн гэхэд хоёрхон бий. Зөвхөн хүүхдэд зориулсан музей гэвэл “Дүдү”-гээс өөр үгүй. Байгаа ганц нь хувийн хэвшлийнх. Дэлхийн бусад улсад хүүхэд цагаар хардаг, богино хугацааны хөтөлбөрт хамруулдаг газар цөөнгүй байдаг аж. Энэ нь гэртээ хүүхдээ хардаг, завгүй эцэг, эхчүүдэд ажлаа амжуулах, амсхийх чөлөө олгодог юмбилээ. Мөн хүүхдийн бие даан хөгжих, суралцах чадварыг дэмжих зорилготой хөтөлбөр хэрэгжүүлдэг төв ч цөөнгүй гэнэ. Харамсалтай нь, манайд аль аль нь ховор. “Elf centre”, “Kids time” зэрэг цөөн газар саяхнаас л энэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлээд байна. Ерөөсөө манай улсад хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн гэх тодотголтой үйлчилгээний газар алга. Тэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа ч, боловсролд хамрагдахдаа ч ялгаварлан гадуурхагдсаар. Монгол хүүхдүүд ийм л харгис, ээлгүй нийгэмд өсөж, хүмүүжиж байна. Ийм байхад зурагт, утастай нөхөрлөхөөс, гадаадын контент үзэхээс яах билээ. “Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт нэн даруй хийхгүй бол гар утас, тоглоомд донтсон бүхэл бүтэн шинэ үе гарч ирж байна” гэх эцэг, эхчүүдийн эмзэглэл 100 хувь үнэний ортойг хүлээн зөвшөөрч, хаана хаанаа анхаарах цаг болжээ. Ялангуяа төр, засаг.
Үе үеийн Засгийн газар хүн амын өсөлт, хөгжлийг дэмжих талаар ярьж, энэ чиглэлээр цөөнгүй төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичиг баталж, хэрэгжүүлсэн. Гэвч бодит байдал дээр тэд хүүхдийн гэх болгоныг нурааж, хааж, хасаж, танах бодлого баримталж ирсэн гэлтэй. Хамгийн сүүлийн жишээ нь, 0-18 насны хүүхдэд өгдөг мөнгөн тэтгэмжийг ялгавартай олгох шийдвэр. Өндөр хөгжилтэй, амьдралын чанар харьцангуй сайтайд тооцогддог улс орнууд ч хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор бүгдэд ялгаваргүй олгодог мөнгийг манай улс энэ жилээс эхлэн зөвхөн зорилтот бүлгийнхэнд өгөхөөр болсон. Өөр нэг “сонгодог” жишээ нь, хүүхдийн төлөө хэмээх “гоё” тодотголтой, зогсонги үйл ажиллагаатай тусгай сан байгуулсан явдал. Үүнийг Засгийн газрын шийдвэрээр 2020 онд сэргээн байгуулсан. Гэвч энэ сангийн хөрөнгөөр хүүхдэд зориулсан нэг ч бүтээн байгуулалт одоо болтол хийсэнгүй. Уг нь ийм шийдвэр гаргахдаа хүүхдийн боловсрол, хөгжилд хөрөнгө оруулах томоохон ажлуудыг хэрэгжүүлнэ хэмээн сайхан зүйл ярьж байсан билээ. Гэтэл одооноос л бүтээн байгуулалтын төслийн хэрэгцээ тодорхойлох судалгаа хийж, санал авч эхэлсэн гэх. Тэднийг ийнхүү алгуурлах зуур монгол хүүхдүүд амь, эрүүл мэндээрээ хохирч, сурч хөгжих эрхээ хязгаарлуулсаар байна. Нэгэн эмчийн “Монгол хүүхэд ураг байхдаа эндэлгүй эсэн мэнд төрж чадах юм бол агаарын бохирдол, алдаатай вакцин, автын осол, ханиад, томуу, халдварт өвчин, халуун тогооны аюул зэрэг олон эрсдэлийг давж гарах шаардлагатай болдог. Бодлогогүй төр, гүндүүгүй томчуудын бүтээсэн дөжирсөн ертөнц” хэмээн хэлсэн нь юутай үнэн. Үнэхээр л Монголд орчны бохирдол, доройтол, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролын хүртээмжгүй үйлчилгээнээс эхлээд үй олон дарамт, бэрхшээл хүүхэд багачуудын эрүүл саруул өсөж, хөгжих боломжийг хязгаарласаар удлаа. Энэ нь эцэстээ монгол залуус “хүүхдийнхээ ирээдүйн төлөө” гэх шалтгаанаар эх орноосоо дайжих, гэр бүл зохиохоос айх, хүүхэдтэй болохоос зайлсхийх хэмжээнд очтолоохүндээр тусаж байгаа нь харамсалтай. Монгол хүүхдүүд үнэхээр гунигтай орчинд өсөж байна.