Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ улирал өнгөрсөн даваа гаргаас эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Боловсролын ерөнхий газраас сургуулиудад хандсан зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмж нь хүүхдүүдийг ялгаварлахгүй байхыг уриалсан агуулгатай байна. Тухайлбал, хүүхдүүдийг эрэмбэлж, байр эзлүүлэн, медаль, өргөмжлөл олгодог төрөл бүрийн уламжлалт арга хэмжээг таслан зогсоохыг дурджээ. Мөн уралдаан, тэмцээн, олимпиадын хэлбэр, зорилго, зохион байгуулалтыг өөрчлөх, гэрийн даалгавар, бие даалтыг нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулахыг зөвлөсөн аж. Түүнчлэн тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулдаг арга хэмжээнүүдээ “Аавуудын баяр”, “Миний хайртай ээж” гэх мэтээр нэрлэдгээ өөрчилж, хүүхэд бүрийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзахыг уриалжээ.