Хятадын Сычуань мужийн эрх баригчид нэг гэр бүлд төрүүлэх хүүхдийн тоонд тавьсан хязгаарлалтыг цуцаллаа. Энэ нь тус улсад төрөлт буурсантай тэмцэх зорилготой бас нэгэн арга хэмжээ юм. Түүгээр ч зогсохгүй одооноос тус мужийн эмэгтэйчүүд гэр бүлээс гадуур төрүүлсэн хүүхдээ албан ёсоор бүртгүүлж, хосуудын адил бүх тэтгэмжийг авч, хөнгөлөлт эдлэх болсон гэнэ.
Тус улсын хуульд гэрлээгүй эмэгтэйчүүдэд хүүхэд төрүүлэхийг хориглодоггүй ч гэрлэсэн эмэгтэй хүүхэд төрүүлбэл эх хүнд тооцдог. Түүнчлэн өрх толгойлсон эхчүүд гэр бүлтэй эмэгтэйчүүдийн адил тэтгэмж авдаггүй бөгөөд ажил олгогч тэднийг хуулийн хариуцлага хүлээхгүйгээр ажлаас халах боломжтой байдаг.
Урд хөршийн эрх баригчид “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын үр дүнд бий болсон хүн ам зүйн сөрөг хандлагыг өөрчлөхийг хэдэн жилийн турш хичээж байна. Өнгөрсөн онд хүн ам нь сүүлийн 60 жилд анх удаа буурчээ. Өмнөх хүн амын бууралт нь Мао Зэдуны “Их үсрэлт” гэгдэх эдийн засгийн туршилтаас шалтгаалан нийтийг хамарсан өлсгөлөн болж, нас баралт нэмэгдсэнтэй холбоотой аж. Өнгөрсөн онд тус улсад 9.56 сая хүн төрж, 10.41 сая иргэн нас барсан гэсэн тоо баримтыг Хятадын Засгийн газраас мэдээлсэн байна.
Хүн амын хяналтгүй өсөлтийг бууруулах зорилгоор 1980 оны есдүгээр сард нэвтрүүлсэн дээрх бодлогын улмаас хүйсийн харьцаа эрэгтэйчүүдийн талд шилжжээ. Хятадын уламжлалд ч эрэгтэй хүүхдийг үргэлж илүүд үздэг. Орон нутагт ялангуяа хөвгүүд нь овог, эд хөрөнгө өвлөж, өндөр настай эцэг, эхээ асрах хариуцлага хүлээдэг тул энэ хандлага хүчтэй байв. Ихэнх гэр бүл зөвхөн нэг хүүхэдтэй байх үед охин төрөх нь ихэнх тохиолдолд хүсээгүй зүйл болдог учир хэт авиан шинжилгээ хийлгэж, хүүтэй болохын тулд үр хөндүүлэхийг сонгодог байжээ. Мөн хэдэн арван мянган хятад охиныг АНУболон Европын гэр бүлүүдэд үрчлүүлсэн юм. Ингээд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын тооны ялгаа нь Хятадыг гэрлэж, хүүхэд төрүүлэх боломжтой залуу эмэгтэйчүүдийн хомсдолд оруулсан аж.
Сычуань мужид 60-аас дээш настнууд хүн амын 21 хувийг эзэлж буй нь улсын дунджаас 17.4 хувиар өндөр байна. Хэрэв хүн ам зүйн одоогийн хандлагыг өөрчилж чадахгүй бол 2040 он гэхэд энэ үзүүлэлт 28 хувьд хүрч өсөх гэнэ.