Манай улсын Засгийн газар Дорнод Монголын хээрийн бүсэд багтах улсын тусгай хамгаалалттай таван газрыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхээр 2014 онд урьдчилсан жагсаалтад оруулсан. Үүнээс хойш олон улсын байгууллагын судлаач, шинжээчидтэй хамтарсан судалгаа, үнэлгээнүүдийг үе шаттай хийж буй. Өнгөрсөн оны намар гэхэд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ХБНГУ-ын Байгаль орчны яам, “Михайл Зукков” сан, БОАЖЯ, Монголын шувуу хамгаалах төвийн мэргэжилтэн, судлаачид тухайн бүсэд орчны судалгаа хийсэн юм. Тэгвэл үүний үр дүнг хэлэлцэх хурал энэ өдрүүдэд ХБНГУ-д болж байна. Судлаачид дэлхийн өвд бүртгүүлэх газруудын хилийн цэс, байгаль хамгааллын менежмент, талуудын хэрэгжүүлэх ажлуудын талаар нэгдсэн тохиролцоонд хүрсэн гэж БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга мэдээллээ. Харин Монголын шувуу хамгаалах төвийн судлаач П.Ганхуяг хялганат хээрийг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг урагшлуулахад Засгийн газрын түвшинд ч, орон нутгийн хэмжээнд ч шийдэх асуудал цөөнгүй бийг дурдав.