Өнгөрсөн оны сүүлчээр хийсэн тооллогоор Увс аймгийн нутагт 162 бөхөн бүртгэсэн талаараа Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ. Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 1950-иад оны үед тус аймгийн Завхан сумд цөөн тооны бөхөн тоологдсон ч 2014 он хүртэл энэ талаар тодорхой бүртгэл, судалгаа байгаагүй гэнэ. Харин есөн жилийн өмнөөс Увсын Наранбулаг, Өлгий сумд бөхөн үзэгдэх болсноор судлаачид эл амьтныг 70 жилийн өмнөх түүхэн тархац нутагтаа эргэн нутагшсаныг тогтоожээ. Тархац нутаг нь тэлж, тоо толгой нь өсөхийн хэрээр бөхөн хүний нүдэнд өртөх, эрсдэлд орох тохиолдол ч нэмэгджээ. Өнгөрсөн сарын дунд үеэр нохойд хөөгдсөн бөхөнгийн янзага Өлгий сумын нэгэн малчны хотонд ирснийг иргэд холбогдох албаны хүмүүст цаг алдалгүй мэдээлснээр шуурхай арга хэмжээ авч, ижил сүрэгт нь буцаан тавьсан байна.
Бэлтгэсэн Н.Мишээл