Төрийн өмчийн томоохон зургаан их сургууль 2021 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан. Хөтөлбөрүүдийнхээ давхардлыг арилгах, оюутан солилцуулах, нэгнийхээ кредитийг хүлээн зөвшөөрч дүйцүүлэх, харилцан уялдаатай ажиллах зэргийг уг санамж бичигт тусгаж байв. Тэгвэл хамтын ажиллагааныхаа хүрээнд дээрх сургуулиуд хичээл солилцооны систем бий болгожээ. Тодруулбал, МУИС, ШУТИС, СУИС, ХААИС, МУБИС, АШУҮИС ийнхүү хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд оюутнууд мэргэжлийн чиглэлийнхээ дагуу дээрх сургуулиудын алинд нь ч хичээл сонгон үзэх аж. Ингэхдээ тухайн оюутан үндсэн сургуулиасаа бусдад нь нэг улиралд гурав хүртэлх хичээл сонгон үзэх боломжтой хэмээн журамлажээ. Оюутан дээр дурдсан солилцооны системээр дамжуулан өөр сургуулиас хичээл сонгон үзэх саналаа гаргах юм байна. Уг саналыг нь бүртгэлтэй болон хичээл сонгосон сургууль нь харилцан зөвшөөрсөн тохиолдолд оюутны хүсэлт баталгаажих гэнэ. 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд бусад сургуульд хичээл үзэх сонирхолтой оюутнуудын хүсэлтийг өнгөрсөн сарын 30-31-нд авч дуусжээ. Эл системд одоогоор МУИС хамгийн олон буюу 1698 хичээл бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, бусад сургуулийн оюутнууд МУИС-иас ийм тооны хичээлийг мэргэжлийнхээ дагуу сонгон үзэх боломж бүрдсэн байна. Тэгвэл ШУТИС 38, СУИС 32, МУБИС 30, ХААИС 25, АШУҮИС 17 хичээл сонгон үзэх боломжийг бусад таван сургуулийн оюутнуудад олгохоор болжээ.
Бэлтгэсэн Ч.Зул