Хятадын венчур капиталын “Qiming venture partners” компанийн хөрөнгө оруулалтын түнш Ниса Лян эрүүл мэндийн салбарын аварга том 30 гаруй фирмд хөрөнгө оруулжээ. Түүний хөрөнгө оруулалтын жагсаалт нь эдгэршгүй хэмээн үздэг байсан олон өвчнийг анагаах аргыг олох гэсэн нэг зорилготой.
ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ИТГЭЛ НАЙДВАР
Өдгөө 52 настай Ниса Лян өндөр нь кофены аяга шиг савнаас “Ковид-19”-ийн эсрэг вакцины нэмэлт тунг “хийлгэв”. Уламжлалт тарилгын хэлбэрээс өөр эл бэлдмэлийг тэрбээр хамраараас орсон нь онцлогтой байлаа. Ивээн тэтгэгчдийнх нь нэг болж, хөрөнгөө оруулсан хүний хувиар тэрбээр Шанхайн “CanSino biologics” компанийн бүтээж байгаа эмийг анхлан туршиж үзсэн хүмүүсийн нэг болсон аж. Уг вакциныг өнгөрсөн оны есдүгээр сард танилцуулжээ. “Ковид-19”-ийн өөр төрөл гарах ч юм бил үү, хэн мэдлээ” хэмээн Лян эрсдэлийг үгүйс гэсэнгүй. Вакцины анхны үйлдвэрээ нээсний дараахан буюу 2015 онд био эмийн “CanSino biologics” компанид тэрбээр хөрөнгө оруулсан байна. Тус компани тэр үед Хятадад хараахан байгаагүй хүүхдийн менингококк өвчний эсрэг вакциныг бүтээсэн нь Н.Ляны анхаарлыг татжээ. Тэр цагаас хойш “CanSino biologics” нь 3.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай, Хятадын био технологийн хамгийн том компаниудын нэг болсон гэнэ.
Ниса Лян нь “50 гарсан 50” жагсаалтад бичигдсэн бөгөөд “Мидасын жагсаалт” (“Forbes” сэтгүүлээс гаргасан, дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагчид ордог)-д байнга багтдаг. 2022 онд тэрбээр “ZhenFund” сангийн түнш, гүйцэтгэх захирал Анна Фаны дараа орох, Азийн хоёр дахь хамгийн хүчирхэг эмэгтэй хөрөнгө оруулагч болжээ. Айж эмээхгүйгээр, анагаах ухааны салбарт шинийг эрэлхийлэх авьяастай нь түүний амжилтын гол бүрэлдэхүүн хэсэг бололтой. “CanSino biologics” компаниас гадна түүний хөрөнгө оруулалтын багцад тэрбумтан Жунжу Ганийн үүсгэн байгуулсан, Хятадын инсулиний хамгийн том үйлдвэрлэгч “Gan & Lee pharmaceuticals” багтдаг.
“Qiming venture partners” 2006 онд Бээжинд байгуулагдсан бөгөөд тэрбумтан Ван Син, Лэй Зюнь нарын “Meituan”, “Xiaomi”-гийн зэрэг технологийн аварга том компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг юм. Нийтдээ тус компани 11 сангаас 9.4 тэрбум ам.долларын хөрөнгө босгожээ. Ахуйн цахилгаан бараа, анагаах ухаанаар голчлон дагнадаг. 2020 оноос хойш “Qiming venture partners” багц дахь 480 компаниас 34 нь IPO гаргасан. Тэдгээрийн 25 нь эрүүл мэндийн салбарынхан байжээ.
2020 онд Хятадад байгуулсан хэлэлцээрийн хэмжээ 45 хувиар буурсан гэж “Refinitiv” компанийн мэдээлснээр 2008 оныхоос муу үзүүлэлт аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсын эрх баригчид олон хотод“Ковид-19”-өөс сэргийлэх хатуу арга хэмжээг сулруулахаа зарласан. Ингэснээр зах зээлийн ханш огцом өсөж, хөрөнгө оруулагчид дэлхийн хоёр дахь эдийн засгийг бусад оронд хурдан нээлттэй болоход бэлтгэж эхэлжээ. “Хятад улс дэлхийн үнэ ханш тогтоох сүлжээнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж Н.Лян хэлэв. Хятадын эрүүл мэндийн салбарт богино болон дунд хугацааны хөрөнгө оруулах хэтийн төлөвийн талаар тэрбээр маш өөдрөг үзэлтэй хэвээр байгаа гэнэ. Гэсэн ч энэ салбар нь ”Ковид-19” цар тахлын улмаас боломжит хөрөнгө оруулагчдыг татаж чадаагүйг дурдсан байна.
БНХАУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ДАХЬ ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
Хамтран ажилладаг бизнес эрхлэгчдийнх нь зорилгодоо хүрэх гэсэн тууштай хүсэл эрмэлзэл нь Лянд итгэл найдвар төрүүлдэг. Шанхай хот даяар хөл хорио тогтоосон үед “Qiming venture partners”-ийн хөрөнгө оруулсан компанийнхан ажлын байрнаасаа гаралгүй 2-3 сар ажилладаг байсныг тэрбээр дурсав. Шүршүүрт орох боломжгүй учраас зарим ажилтан бие засах газарт салфетикаар биеэ арччихаад л явдаг байжээ. “Энэ бүгд тэвчээртэй холбоотой. Үүнийг маш чухал гэж бодож байна” гэж Ниса Лян өгүүлэв. Хөл хорионы үеийн хатуу ширүүн сорилтод дасан зохицох нь хамт олныг хэвийн ажиллах боломж нээгдэх хүртэл асар их хичээл зүтгэл гаргаж, бага, эсвэл огт цалин авахгүйгээр хөдөлмөрлөхөд хүргэж байлаа. “Тийм учраас би “Хятадын бизнес эрхлэгчид бүтэлгүйтнэ гэж байхгүй. Тэд үнэхээр, бүр үнэхээр шаргуу ажилладаг” гэж хэлдэг” хэмээн хөрөнгө оруулагч Ниса Лян тэмдэглэв. Тэрбээр Хонконгод өссөн бөгөөд Корнеллийн их сургуульд менежментийн чиглэлээр бакалавр, Стэнфордын Бизнесийн дээд сургуульд бизнесийн удирдлагын мастерын зэрэг хамгаалсан байна. Ойрын хамаатан нь элэгний хорт хавдартай тэмцсэн нь түүнд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах сэдлийг төрүүлжээ. Гэр бүлийнхэн нь эмчлэх арга чарга хайж байх үеэр Лян Хятадын анагаах ухааны салбарын бүх дутагдлыг олж харжээ.
2019 онд “Qiming venture partners” компанийн блог дээр “Элэгний хорт хавдартай өвчтөнүүд олон нийтийн сүлжээгээр дамжуулан тусламж гуйхыг харах маш хэцүү байдаг. Хэрэв элэгний хавдрыг эрт үед нь авчихвал өвчтөнүүд амьд үлдэх магадлал өндөр. Гэсэн ч эл өвчин Хонконгод үхлийн аюултай хорт хавдрын гуравдугаарт бичигдсэн хэвээр байна” гэж тэрбээр бичжээ. Тэр цагаас хойш Хятадын эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж, Америкийн компаниудыг зах зээлдээ оруулахын сацуу дотоодын ирээдүйтэй мэргэжилтнүүдийг Ниса Лян хайж байна. Тэрчлэн дэвшилт алгоритмууд нь молекулууд хэрхэн хөдлөхийг урьдчилан таамаглаж, тодорхой өвчнийг эмчлэх бүтээгдэхүүн хайхад тусалдаг хиймэл оюун ухаанаар дамжуулан эм боловсруулах зэрэг шинэ боломжуудыг тэрбээр алддаггүй. “Qiming venture partners” хөрөнгө оруулсан чухал объектуудын нэг нь “Schrdinger” стартап юм. Энэ нь эрдэмтдэд үр өгөөжтэй нэгдлүүдийг олоход тусалдаг симуляцын программ хангамжийг хөгжүүлдэг. Хөрөнгө оруулалтын бараг бүх хороо үүнийг эсэргүүцэж байхад Лян “Хөрөнгө оруулах нь зүйтэй гэж бодож байна. Хэрэв бүх зүйл төлөвлөсөн ёсоор явбал манай сан ашиг хүртэнэ. Эс бөгөөс би халааснаасаа бүгдийг нь нөхөн төлнө” гэж хэлжээ. “Schrdinger” жилийн өмнө NASDAQ-д 220 сая ам.долларын хөрөнгө оруулснаар анх таамагласнаас илүү ногдол ашгийг 2019 онд хүртсэн байна.
Олсон өөр нэг амжилт гэвэл био эм үйлдвэрлэлийн аварга том “Zai lab” компанийг дурдаж болох юм. Тус компанийн бизнес нь өдгөө 4.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. 2014 онд шинэ эм бүтээх нь хэнд ч сонин биш байсан бөгөөд гурван эмэгтэйгээс бүрдсэн жижиг компани огт амьдрах чадваргүй мэт санагдаж байв. Лян зөвхөн өөрийн тооцоолол, зөн совиндоо найджээ. “Zai lab” 2017 онд NAS¬DAQ-аар дамжуулан хөрөнгийн зах зээлд нэвтэрч, 2020 онд Хонконгийн хөрөнгийн бирж дээр хоёрдогч хувьцаагаа арилжсан байна.
“ХОРТ ХАВДРЫГ ҮХЛИЙН АЮУЛТАЙ БУС, АРХАГ ӨВЧНИЙ АНГИЛАЛД ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ”
Лян нь “Qiming venture partners”-д 16 жил ажиллаж буй бөгөөд Хятадын хамгийн хүчирхэг эмэгтэй хөрөнгө оруулагчийн хувьд онцгой байр суурь эзэлдэг. Түүгээр ч зогсохгүй тус сангийн багцад хамрагдсан эрүүл мэндийн чиглэлийн компаниудын 37 хувийг эмэгтэйчүүд үүсгэн байгуулсан, эсвэл удирдаж байгаа нь Лян ирээдүйтэй компаниудыг олохдоо гарамгайг харуулж буй юм. “Бид бизнес эрхлэгчдийг зөвхөн эмэгтэйчүүдийн дундаас хайж байгаа юм биш. Хамгийн сайныг нь олохыг бид хичээдэг” гэж тэрбээр тайлбарлав. Ер нь Хятадад эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдэд илүү их боломж бий гэж үздэг Лян “Би Цахиурын хөндийд хэсэг хугацаанд амьдарч байсан. Хэрэв би тэндээ үлдсэн бол Хятадад ийм амжилтад хүрч чадахгүй байсан гэдгийг хэлэх ёстой” гэжээ.
Түүний хэлснээс үзвэл зөвхөн эмэгтэйчүүд тусдаг өвчинд маш бага анхаарал хандуулдаг бөгөөд энэ нь шинэ судалгаа хийх үр өгөөжтэй чиглэл болж байна гэсэн үг юм. Умайн миом, эндометриоз зэрэг өвчний чиглэлээр мэргэшсэн цөөн тооны компани байдаг. Эмчлэх арга хомс байх нь буруу ойлголт төрүүлж, өвчин газар авахад хүргэдэг. Билл, Мелинда Гейтсийн сангаас санхүүжүүлсэн, дэлхийн өвчний судалгаанаас үзвэл манай гаргийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 77 хувь нь миомтой, 10 хувь нь эндометриозтой гэнэ.
“Анагаах эм хараахан олдоогүй олон өвчнийг эдгээх аргыг олмоор байна” гэж Ниса Лян хэлжээ. Үүний хүрээнд 2021 онд “Qiming venture partners” нь эндометриоз болон дааврын өөрчлөлттэй холбоотой бусад өвчин, тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн халзралыг эмчлэх чиглэлээр мэргэшсэн биотехнологийн “Hope Med” компанид 56 сая долларын хөрөнгө оруулсан гэнэ. Мөн тус сан “Insilico medicine” компанийн, уушгины эд, эсийн өөрчлөлттэй холбоотой өвчний эсрэг эм, бэлдмэл хайх хиймэл оюун ухааны платформд хөрөнгө оруулсан байна. Эмийн анхны туршилтуудын үр дүн эерэг гарсныг тус компани саяхан зарлажээ.
Хөрөнгө оруулалтын дараагийн ээлжид идиопатик шинж чанартай, өөрөөр хэлбэл, шалтгаан нь тодорхойгүй бусад өвчин орж байна. Эрүүл мэндийн салбарын гарааны бизнес эрхлэгчид Паркинсон, Альцгеймер зэрэг өвчнийг анагаах шинэ аргуудыг нэвтрүүлнэ хэмээн Н.Лян таамаглажээ. Үүнийг дагаад судлаачдын арга барил өөрчлөгдөнө. Жишээлбэл, хорт хавдрыг илрүүлэх мэс заслын бус арга болох шингэний биопсийн техникт дэвшил гарснаар хорт хавдрыг үхлийн аюултай бус, архаг өвчний ангилалд шилжүүлэх боломжтой. “Хэрэв бид бага ч гэсэн тус нэмэр болж, хүний дундаж наслалтыг таван жилээр уртасгаж чадвал энэ нь гайхамшиг болно. Эдгээх шаардлагатай олон өвчин байгаа тул бидэнд хийх ажил их бий” гэж хөрөнгө оруулагч Ниса Лян хэлжээ.