Ираны БХЯ-ны нэг төв рүү дронуудаар халдлага үйлдэх гэсэн оролдлого бүтэлгүйтэв. Тэдгээрийн нэгийг агаарын довтолгооноос хамгаалах системээр устгаж, нөгөө хоёрыг нь агаарт дэлбэлсэн аж. Дэлбэлсэн дроны нэг нь барилга дээр унаж, бага зэргийн хохирол учруулсан байна. Эл халдлагад хүн өртөөгүй гэнэ. Харин халдлагын дүрс бичлэгийг нийгмийн сүлжээгээр идэвхтэй тараажээ. Үүний ард Израил байгаа гэж “Wall street journal” сонины эх сурвалжууд мэдээлэв. Иран энэ хэрэг явдалд хэнийг ч буруутгаагүй байна. Гэхдээ тус улсыг тогтворгүй болгох зорилготой мэдээллийн халдлага үйлдсэн хэмээн израилчуудыг буруушаав. Исфахан хот дахь цэргийн байгууламжид халдах гэсэн оролдлогын өмнө Ираны баруун хойд нутагт газар 5.9 баллын хүчтэй хөдөлж, 1000 орчим хүн гэмтсэн аж. Үүнтэй бараг нэгэн зэрэг, газар хөдлөлтийн голомтоос 120 км-ийн зайд орших Азершахр хотын моторын тосны үйлдвэрт гал гарчээ. Энэ бүхэнтэй холбогдуулан Ираны хэд хэдэн хотод нэгэн зэрэг дэлбэрэлт болсон, Израилаас олон цохилт өгсөн мэт дэвэргэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнүүдэд гарсан аж. Үүний сацуу АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан, Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс нар Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Ираны хөтөлбөрийг хэлэлцсэний дараа Исфаханд халдлага үйлдсэн нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Тиймээс Ираны Исфахан хот дахь цэргийн объект, тэр дундаа зэвсгийн үйлдвэрт өгсөн цохилтуудад АНУ-ын цэргүүд оролцоогүй гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер мэдэгджээ. Саудын Арабын “Аль Арабия” телевизийн эх сурвалжийн мэдээлснээр энэ халдлагын бай нь баллистик пуужингийн агуулах байсан аж. Тэрчлэн Ираны Сансар судлалын хүрээлэнгийн судалгааны лабораториуд, дроноос гадна шинэ центрифугийн үйлдвэр зэрэг цөмийн хөтөлбөртэй нь холбоотой зарим байгууламж халдлагадөртөх шахсан барилгад байсан гэнэ.