Үндэсний геопортал буюу дэд бүтцийн нэгдсэн цахим системийг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газраас хэрэглээнд нэвтрүүлжээ. Уг систем нь 18 дэд сантай аж. Тухайлбал, инженерийн дэд бүтэц буюу ус, дулаан хангамж, ариутгах татуурга, газрын тос, цахилгаан, харилцаа холбооны шугамын байршил, холбогдох бусад мэдээллийг агуулжээ. Ингэснээр улсын хэмжээнд дэд бүтцийн орон зайн өгөгдлийг бүрдүүлэх, түүнд тулгуурлан төлөвлөлт, зураглал зохиох, боловсруулах, тооцоолол хийхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага уг системийг ашиглах боломжтой гэнэ. Үүнд мөн нийгмийн дэд бүтэц, газар ашиглалт, тээврийн сүлжээ, хүн ам зүйн мэдээлэл зэргийг ч багтаажээ. Системд оруулсан мэдээллүүдийн агуулга, нууцлалын зэрэг нь харилцан адилгүй тул хэрэглэгчийн хандах эрхийг нээлттэй, төлбөртэй, хаалттай гэсэн гурван төрөлд ангилсан байна. Газар зүйн мэдээллийн MNS 6925- 7:2021 стандартын дагуу эл системийг бүрдүүлжээ.
Бэлтгэсэн М.Оч