Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон түүнийг дагалдуулан батлуулсан хуулиудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавилаа. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар мэдээлэл өгөв. Хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагаар хэлэлцүүлж, санал аваагүй нь Үндсэн хуулийн 26.2 дахь хэсэгт “Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.5, 8.1.6 дахь заалт, 38 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэн хориг тавьжээ.
Улмаар Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчих нөхцөл бий болгосон гэв. Мөн Үндсэн хуулийн 19.1- т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, 19.3-т “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн дэг журмыг гажуудуулж болохгүй” хэмээн тогтоосон хязгаарлалтыг анхаарч байх ёстой гэж үзсэн байна. Үүнээс гадна Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон түүнийг дагалдан баталсан хуулиудыг дагаж мөрдөх хугацааг ирэх сарын 1 байхаар заасан нь Үндсэн хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан хэрэг гэж тэд тодотгов.
Түүнчлэн тус төслийг ҮАБЗ-өөр хэлэлцүүлсэн гэх мэдээллийг Тамгын газрын дарга Я.Содбаатар үгүйсгээд, “Хориг тавьснаараа нийгмийн сүлжээн дэх хууль бус зүйлсийг зөвтгөх гэсэн юм биш. Харин ч олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалахын тулд эрх зүйн орчныг нь илүү тодорхой, боловсронгуй болгох чиглэлд зайлшгүй ажиллах ёстой. Ингэхдээ төслийг нь олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь сонсож, тусгахаас гадна Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэх нь зүйтэй гэж үзэж бүхэлд нь хориг тавилаа” хэмээсэн юм.
Мөн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг Засгийн газрыг төлөөлөн өргөн барьсан сайд Н.Учрал хориг тавьсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээллийг харахад процедурын хувьд алдаа гарсан гэж дүгнэжээ. УИХ-аас уг хуулийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэхдээ хугацаа алдсан байхыг үгүйсгэхгүй. Хориг тавих хугацааг тооцож баталсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхдээ МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэр, Хууль тогтоомжийн тухай хуулийг баримталсан. Олон нийтийн байгууллагуудын санал, шүүмжлэлийг тусгаагүй гэдэг үндэслэлийг нь хүлээн авч байна” хэмээгээд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухрахгүй гэв.
Ташрамд дурдахад, УИХ-ын ээлжит чуулган завсарласан үед хориг тавьсан бол түүнийг ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш дараалал харгалзахгүйгээр, тэргүүн ээлжид, ажлын 10 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой.
Бэлтгэсэн Б.Уран