БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагынхны “тахин шүтэж”, цээжээрээ хамгаалсаар ирсэн шахмал түлшний үнэн илчлэгдлээ. Тэд өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш”-ийн бүтээгдэхүүнийг сурталчилж, агаарын бохирдолтой тэмцэх арга зам, сонголт үүнээс өөр үгүй юм шиг аяглан, шинэ түлшний найрлагад ордог зарим бодис түүхий нүүрснийхээс хортой байж болзошгүй гэсэн судлаач, мэргэжилтнүүдийн байр суурийг үгүйсгэсээр, гүрийсээр ирсэн юм.
Үүний зэрэгцээ нийслэлийн утаа өмнөхөөс эрс буурсан, агаарын чанарын үзүүлэлт сайжирсан, Улаанбаатар нам доор газар байрладаг учраас салхины чиглэл, агаарын фронтын нөлөөгөөр заримдаа их хэмжээний утаа униартай болж харагддаг гэхчлэн иргэд, олон нийтийг төөрөгдүүлж, өөрсдийгөө хамгаалсаар өнөөдрийг хүрсэн. Энэ нь ч нийгмийн тодорхой хэсэгт нөлөөлж, утаа үнэхээр л багассан гэсэн итгэл, тайвшрал төрүүлсэн болов уу. Тэгвэл олон улсын эрдэмтэд Улаанбаатарын агаарын бохирдол урьдын адил гамшгийн хэмжээнд байгааг, үүнээс үүдэлтэй хавдрын шинэ төрөл монголчуудын дунд бүртгэгдсэнийг дэлхий дахинд зарлаад байна.
Лора Торренс, Даниела Сиа, Марк Пуигвехи, Мигель Торрес-Мартин, Михо Маэда, Филипп Хабер тэргүүтэй, Америк, Испани, Сингапур, Монголын 30 гаруй эрдэмтэн, судлаач сүүлийн таван жилийн хугацаанд манай улсад элэгний хавдрын харьцуулсан судалгаа хийхэд ийм үр дүн гарчээ. Тодруулбал, өөр улс орон, дэлхийн хаана ч бүртгэгдээгүй элэгний эсийн хавдрын шинэ мутац монгол хүнээс илэрчээ. Олон улсын эрдэмтдийн баг энэхүү судалгааны бүтээлээ АНУ-ын Үндэсний анагаах ухааны номын сангийн био-анагаах ухааны хэвлэлийн цахим архивт “Монгол дахь элэгний эсийн хорт хавдрын өвөрмөц молекулын шинж чанар, хүрээлэн буй орчны зүйлүүдтэй холбоотой мутацын шинж тэмдгийг тодорхойлсон нь” нэртэйгээр нийтлээд байна. Судлаачдын багт Монголоос ХСҮТ-ийн ерөнхий захирал асан Ж.Чинбүрэн, тус эмнэлгийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Э.Тайванбаатар, их эмч Ч.Энхболд нар багтжээ. Үндсэндээ ХСҮТ-ийнхөн олон улсын судлаач, эрдэмтэдтэй хамтран ажиллаж, судалгаанд шаардлагатай сорьц, дээж нийлүүлсэн аж.
Тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Хавдар үүсгэдэг маш олон төрлийн мутац байдаг. Харин Монголд дэлхийн бусад оронд бүртгэгдээгүй шинэ төрлийн хоёр мутацаас үүдэлтэй элэгний эсийн хавдрын өвчлөл багагүй хувийг эзэлж байгааг тус судалгаагаар тогтоосон. Геномын түвшинд үүсэж буй уг мутац өөрчлөлтийг АНУ зэрэг өндөр хөгжилтэй орны иргэдийн өвчилсөн элэгний эсийн хавдартай харьцуулахад ижил төрлийн буюу B, C, D вирусээр үүсгэгдсэн нь зонхилж байгаа ч орчны хүчин зүйлээс шалтгаалсан, тэр дундаа утааны задралын бүтээгдэхүүнээс улбаатай шинэ илэрц цөөнгүй батлагдсан” хэмээн мэдээлэв.
Олон улсын судлаачдын хамтран хийсэн уг судалгаа Монгол Улс агаарын бохирдлын асуудалд ул суурьтай анхаарах, дорвитой арга хэмжээ авах цаг болсныг санууллаа. Утаа одоо ч онц байдал зарлах хэмжээнд, гамшгийн түвшинд байгааг нотлов. Нөгөөтээгүүр, сайжруулсан түлш хэмээх “учир битүүлэг” орц, найрлагатай бүтээгдэхүүнд хатуу хяналт тавих шаардлага тулгарлаа. Үүнийг цаашид үйлдвэрлэх, хэрэглэх, эсэхээ нэн даруй шийдэх хэрэгтэй болж байна. Агаарын бохирдол хэмээх асуудалтай нүүр тулсан ганц улс нь Монгол биш. Давж гарсан нь ч бий, одоо тэмцэж байгаа нь ч цөөнгүй. Эдгээр оронд хүрээлэн буй орчны бохирдол хүний эрүүл мэндэд ямар байдлаар, хэрхэн нөлөөлж, хор хохирол учруулж байгааг тогтоосон үй олон баримт, судалгаа бий. Тэгтэл яагаад тэднээс гажиг хэлбэр (дээрх судлаач ийнхүү тодотгосон)-ийн мутац илэрсэнгүй вэ. Эрдэмтэд нь хүртэл “Нүүрсний задралаас үүдэлтэй ийм илэрц зөвхөн монгол хүнд л байгаа учраас өргөн хүрээнд харьцуулсан судалгаа хийх боломж алга” хэмээн гайхшаа барж байна шүү дээ. Манай улс л зөвхөн нүүрс хэрэглэдэг гэж үү. Үгүй шүү дээ. Бидний хөрш орны нийслэлээс эхлээд түүхий нүүрснээс одоо хүртэл бүрэн татгалзаж чадаагүй томоохон хот өчнөөн. Тэгвэл тэдний дунд ийм мутацаар үүсгэгдсэн хавдрын шинэ тохиолдол өмнө нь яагаад бүртгэгдээгүй юм бол. Шалтгаан нь ерөөсөө л сайжруулсан хэмээх тодотголтой шахмал түлшинд буй.
Манай улс 2018 оноос шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Агаар бохирдуулагч зарим бодис буюу хүхэрлэг хий, нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ түүхий нүүрс хэрэглэдэг байх үеийнхээс эрс ихэссэн, үүний улмаас толгой өвдөх, дотор муухайрах, ханиад, томуу эдгэрэхгүй удах, хүндрэх зэрэг шинж тэмдэг иргэдийн дунд нийтлэг илрэх болсныг мэргэжлийн эмч, судлаачид анхааруулсаар өдий хүрсэн. Мөн шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш олон зуун хүн угаартаж, амиа алдсан. Нөхрөө томилолтоор явсан хойгуур хоёр хүүхэдтэйгээ гэртээ нас барсан эмэгтэй. Ээж, аавыгаа эзгүйд гэрээ сахиж үлдээд зуурдаар бурхан болсон бага насны дөрвөн хүүхэд. Ижил шалтгаанаар нас барсан ийм харамсалтай жишээ дэндүү олон. Зөвхөн энэ өвөл гэхэд 900 гаруй иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр угаартаж, амь, эрүүл мэндээрээ хохирсны тал нь хүүхэд байсныг цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Үүний өмнөх жил 457 дуудлага бүртгэгдэж, 26 иргэн нас барсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болсон “Агаарын бохирдол-асуудал шийдэл” хэлэлцүүлгийн үеэр нэгэн иргэн “Оройн цагаар гал түлэхээс, бөх унтахаас айдаг байсан. Гэтэл дүүгийн минь хоёр хүүхэд, тэднийг харж байсан эмээ нь өдрийн цагаар гэртээ угаартаж, нас барсан. Бидэнд ийм аюул хэзээ тохиохыг мэдэхгүй. Байнга айдастай байх боллоо. Монгол Улсын Засгийн газар иргэдээ хулгана шиг туршилтад оруулж, хохироож байна” хэмээн халаглан ярьсан юм. Шахмал түлшийг өдөр тутам хэрэглэдэг иргэд хэрхэн хохирч буйг дээрх статитик харуулж байгаа бол түүнээс ялгардаг хорт бодис хүн амын эрүүл мэндэд хэрхэн аюул заналхийлэл учруулдгийг дээрх эрдэмтдийн судалгааны үр дүн баталлаа.
...Мөн БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК болон цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагынхан хамтран гэр хорооллын айлуудын янданг хөөлж, зөв галлах “хичээл” заагаад ч хортой түлшнийхээ эрсдэлийг бууруулж, иргэдийг угаарын хордлогоос хамгаалж чадсангүй...
Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр бид чухам юу хожсон бэ. Агаарын чанарын үзүүлэлт лав огт өөрчлөгдсөнгүй. Монголын байгаль орчны иргэний зөвлөл тэргүүтэй олон байгууллагынхан үүнийг баримттайгаар хэлж буй. Иргэдийн түлэх түлшинд квот тогтоож, нийлүүлэлтийг хязгаарлаж байгаа ч утаа буурсангүй. Улам өтгөрч, хоруу чанар нь ихсэв. Үйлдвэрийн хүчин чадал сайжруулах, өргөтгөх, түлш нөөцлөх, тээвэрлэх, түгээх нэрийдлээр жил бүр улсын төсвөөс өчнөөн тэрбум төгрөг зарцуулах болсон ч гавьтай өөрчлөлт, дэвшил гарсангүй. Мөн БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Тавантолгой түлш” ХХК болон цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагынхан хамтран гэр хорооллын айлуудын янданг хөөлж, зөв галлах “хичээл” заагаад ч хортой түлшнийхээ эрсдэлийг бууруулж, иргэдийг угаарын хордлогоос хамгаалж чадсангүй. Эдгээр байгууллагынхан өнгөрсөн хугацаанд “Яндангаа хөөлье”, “Утааг үдье”, “Орчны бохирдлыг бууруулъя”, “Өнтэй өвөлжье” зэрэг нөлөөллийн аян, мэдээлэл, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулсан. Гэвч угаартаж нас барах хүний тоо жилээс жилд нэмэгдсээр, та, бидний дундаас олон хүн “чимээ аниргүй” хорвоог орхисоор байна. 2022-2023 оны өвөл угаартсан хүний тоо өнгөрсөн жилийнхээс даруй хоёр дахин нэмэгдсэн байх жишээтэй. Энэ бүхэн шахмал түлшийг хэрэглээнээс халах хангалттай шалтгаан биш гэж үү. Хүний амь, эрүүл мэндээс илүү чухал зүйл бий сэн бил үү.
Засгийн газар өнгөрсөн жилийн яг өдийд БОАЖ-ын сайд зэрэг холбогдох албаны хүмүүст шахмал түлшний үйлдвэрлэлийн технологи, чанарыг сайжруулах үүрэг чиглэл өгч байв. Үүний хүрээнд мэргэжилтнүүд судалгаа хийж, түлшний технологид өөрчлөлт оруулах зөвлөмж боловсруулсан байдаг. Тэр нь хүний биед мутац үүсгэх өндөр эрсдэлтэйд тооцогддог хэмээн дээрх эрдэмтдийн дүгнэсэн хоёр бодисын нэг болох хүхэрлэг хийг бууруулах зорилготой. Гэвч “Тавантолгой түлш”-ийнхэн түүхий эдийн нөөц хүрэлцээгүй, үйлдвэрлэлийн бэлэн байдал хангагдаагүй гэдэг шалтгаанаар түрээ барьж, энэ ажлыг удаашруулан, мартагнуулаад буй юм. Засгийн газар угүүрэг чиглэлийнхээ биелэлтийг бодитоор шалгах цаг нь болжээ. Мөн анагаахын салбарын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд үндэслэняаралтай арга хэмжээ авч, түлшний чанар, найрлага, аюулгүй байдалд өнгөрсөн хугацаанд хяналт тавьж байсан хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай бус уу. Иргэдээ хоморголон устгах гээгүй л бол хортой түлшээ хэрэглээнээс халъя.