Чөлөөнд гарсан генерал, НАТО-гийн Цэргийн хорооны дарга асан Петр Павел Чехийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялжээ. Чехийн Ерөнхий сайд Петр Фиала хэвлэлийн бага хурлын үеэр үнийг нотолж, “Петр Павелд Чехийн дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе” хэмээн мэдэгдсэн байна.
Энэ удаагийнх Бүгд Найрамдах Чех Улсын түүхэн дэх Төрийн тэргүүнийг сонгох гурав дахь шууд болон бүх нийтийн сонгууль юм. Ийм сонгууль анх 2013 онд болсон байдаг. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байв. Тус орон парламентын бүгд найрамдах улс бөгөөд Ерөнхийлөгч нь төлөөллийн үүрэг гүйцэтгэдэг. Тэрбээр олон улсын тавцанд эх орноо төлөөлдөг, зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч юм. Тус улсын гүйцэтгэх эрх мэдэл Засгийн газарт өвлөрдөг.
БНЧУ-ын Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд болон Үндсэн хуулийн цэцийн шүүгчийг томилдог. Түүний зөвшөөрөлгүйгээр Сайд нарын танхим нь олон улсын байгууллагын дэргэдэх дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, Элчин сайд томилох боломжгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь үе үе томоохон асуудлаар зөвлөлддөг .
Петр Павел 1961 оны арваннэгдүгээр сарын 1-нд Чехийн баруун нутгийн Плана хотод цэргийн эр бүлд төржээ. Тэрбээр эхлээд Опава хотын Ян Жижкагийн нэрэмжит өсвөр үеийнхний, 1983 онд Вышков хотод Хуурай замын цэргийн сургууль дүүргэсэн. Дараа нь 1991 онд Брно дахь Антонин Запотоцкийн нэрэмжит цэргийн академийг төгссөн байна. Цаашлаад Британийн цэргийн их сургуулиудын бэлтгэлд хамрагджээ. Тэрбээр англи, франц, орос хэл эзэмшсэн. Инженер мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан гэнэ.
Улс төрийн өрсөлдөгчид нь П.Павелыг Чехословакийн Коммунист намын гишүүн байсан хэмээн буруутгадаг. Тэрбээр 1983 оноос “хилэн” хувьсгал гарч, Коммунист намыг төрийн эрхнээс түлхэн унагасан 1989 он хүртэл тус намын эгнээнд байсан аж. Энэ баримтыг П.Павел тухайн үеийн нөхцөл байдал, намын гишүүн бус бол цэргийн карьер хийх боломжгүй байсантай холбон тайлбарласан байдаг.
НАТО-гийн Цэргийн хорооны даргын үүрэгт ажлыг 2015 оны зургадугаар сарын 26-нд хүлээн авсны дараа тэрбээр тус эвсэл болон ОХУ-ын хооронд яриа хэлэлцээ хийхийг оролдсон аж. Гэвч энэ ажил нь бүтээгүйд тэрбээр харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Оросын үйлдлийг “Исламын улс” бүлэглэлээс илүү аюул учруулна гэж П.Павел үздэг. Тэрбээр либерал, Европыг дэмжигч улстөрч. Түүний үзэж буйгаар Чех улс НАТО болон Европын Холбоонд элсэх нь зайлшгүй бөгөөд тус оронд ашигтай гэнэ.