Увс аймгийн Наранбулаг сумын нутаг дэвсгэрээс үхсэн цоохор ирвэс олдсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Үүнтэй холбоотойгоор иргэд янз бүрийн таамаг дэвшүүлж өгөөд зарим нь малчид овор амьтныг хөнөөсөн байж болзошгүй гэж хардаж байгаа юм. Тэгвэл Наранбулаг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн “уулын эзэн”-ий үхлийн шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. Мал эмнэлгийн газрын улсын байцаагчид нарийвчилсан үзлэг хийх зорилгоор ирвэсийг гэсгээн, эд эрхтнээс нь дээж авч, лабораторид хүргүүлсэн байна. Хариу нь 7-14 хоногт гарах гэнэ. Тус аймгийн музейнхэн цоохор ирвэсийн арьсыг ашиглан чихмэл хийх хүсэлтийг орон нутгийн холбогдох байгууллагуудад ирүүлжээ. Мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр байгалийн халдварт, гоц халдварт өвчлөл байгаа, эсэхийг тандаж, үрэгдсэн шалтгааныг тогтоосны дараа холбогдох шийдвэрүүдийг гаргана гэдгийг Увс аймгийн БОАЖГ-аас мэдээлсэн байна.
Наранбулаг сумд өвөлжилтийн нөхцөл байдал хүнд, их хэмжээний цастай байгаа аж. Энэ нь ховор амьтад идэш тэжээлээр хомсдож, харангадах шалтгаан болсон байж болзошгүй гэж ирвэсийг анх олсон нутгийн малчин ярьжээ. Мөн ойр орчимд нь чонын ул мөр хаа сайгүй, зэрлэг амьтанд бариулсан дааганы сэг зэм байсан гэж мэдээлсэн аж.