АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн. 2022 оноос эхлэн хоёр улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдах болж жил бүр нийт 13-15 оюутан хамруулж ирсэн. Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрийн зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч өгөгдлийн шинэжлэх ухаан, дата, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал, газрын тос, уул уурхай, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр суралцах иргэдийг түлхүү дэмждэг аж. Мөн хоёр улсын системийн ялгаанаас үүдэн эрүүл мэндийн салбарт зөвхөн нийгмийн эрүүл мэнд, хуулийн салбарт зөвхөн Master of Laws (LLM) чиглэлээр суралцах боломжтой.
Тавигдах үндсэн шалгуурууд
- Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин суудаг байх
- 1.5 болон түүнээс дээш жил бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх
- Дээд боловсролтой байх (бакалавр эсвэл түүнтэй дүйх зэрэг)
- Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT, TOEFL PBT/ITP эсвэл дүйх IELTS оноотой байх
- АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч иргэд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.
Онлайн өргөдлийн материал хүлээн авах сүүлийн хугацаа 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ны Улаанбаатарын цагаар өглөөний 08.00 цаг хүртэл аж.
Тэтгэлэгийн хэмжээ
Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:
- Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос гадуур оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);
- Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид сар болгон байр сууц, хоолны болон бусад холбогдох зардлын тэтгэмж авна;
- Сургалтын төлбөр: Фулбрайтын тэтгэлэг нь бүх зардлыг даана;
- Хөтөлбөрийн удиртгал уулзалт: Уулзалтад оролцох буудлын, хоолны, эрүүл мэндийн, сургалтын зэрэг бүх зардлыг Фулбрайт даана;
- Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;
- Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;
- Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно.
- Суурьших зардал: Оролцогчид хөтөлбөрийн эхний сард нэг удаагийн ном, лаптоп зэрэг худалдан авах тэтгэмж авна.