Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад, орон нутгийн холбогдох газар, амьтан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд биотехникийн арга хэмжээг боломж нөхцөлийнхөө хэрээр зохион байгуулж байна. Сайн дурын залуус, хувийн компаниуд ч нийгмийн хариуцлагын хүрээнд ийм ажилд оролцож эхэллээ. Тухайлбал, “Цайрт минерал” ХХК-ийн Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны тасгийнхан аргальд зориулж Сүхбаатар аймгийн Дархан хаан ууланд 22 боодол өвс, 700 кг хужир тараан байршуулжээ. Түүнчлэн Хэнтий аймгийн Мөрөн сумын харьяат Э.Лхагвадорж хэмээх залуу зэрлэг амьтдыг идэш тэжээлээр хангах зорилготой хандивын аян өрнүүлж, “Аргаль хамгаалах сан”, “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллага, “Ханомаро тур” ХХК, орон нутгийн иргэд, малчдын нөхөрлөл, байгаль хамгаалагчдын дэмжлэгээр Өндөрхаан ууланд биотехникийн арга хэмжээ авчээ. Амьтдын тархац нутагт өвс, хужир, долооц байршуулах ажилд 30 гаруй залуус оролцсон байна.