Эдийн засгийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор, Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу-2023” өргөтгөсөн худалдаа “Шинэ 100 айл” төвд долоо дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ хоёрдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм. Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр борлуулж байна. Үзэсгэлэн худалдаа үргэлжлэх хугацаанд “Дүнжингарав” худалдааны төв рүү очих таван чиглэлийн 60 автобусны зогсоолыг “Шинэ 100 айл” төв хүртэл сунгах зохицуулалтыг хийсэн. Мөн үзэсгэлэнд тавьсан бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг shoppy.mn, ardshop.mn-тэй хамтран нэвтрүүлжээ.
“САР ШИНИЙН БАЯРЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДООСОО ХАНГАСНААР МӨНГӨНИЙ УРСГАЛЫГ ЭХ ОРОНДОО ҮЛДЭЭНЭ”
Г.ГАНГАМӨРӨН (“Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга): -“Амар байна уу-2023” үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр бараа, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн стандартад хяналт тавих, хэв журмыг сахиулах зэргээр нийслэлийн харьяа 10 гаруй байгууллага хамтран ажиллаж байна. Эдийн засаг хүнд, валютын ханш өссөн энэ үед үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид түрээсийн төлбөр огт төлөлгүйгээр 30 хоногийн турш бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж, худалдах боломжтой. Улсын хэмжээнд 920 мянга, нийслэлд 418 мянган өрх бий. Эдгээр өрх Сар шинийн баярын хэрэгцээгээ дотоодоосоо хангаснаар мөнгөний урсгалыг эх орондоо үлдээж, ажлын байрыг хадгалах, эдийн засгаа эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна. Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа тэлэх, үндэсний хэмжээний томоохон компани, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, түүхий эд нийлүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж бүрдүүлэхийг бид зорилоо. Түүнчлэн бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдэлж болох хөнгөлөлт, гарц шийдлүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс хүргэж буй. Үйлдвэрлэл эрхлэгчдээс бид бараа, бүтээгдэхүүнийхээ нөөцийг базаах, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах, үнийг хамгийн доод хэмжээнд барихыг хүссэн хэмээв.
“ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ ТУЛ ЗӨГИЙН БАЛАА ХЯМДРУУЛСАН”
Б.ОЮУНЦЭЦЭГ (Дархан-Уул аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч): -Би 2011 оноос зөгийн аж ахуй эрхэлж буй. Сар шинийн баярыг угтсан худалдаа, арга хэмжээнд өмнө нь ч цөөнгүй оролцсон. Энэ жилийн хувьд жижиг, дунд бизнес эрхлэгч биднийг дэмжсэн, өргөн дэлгэр арга хэмжээ зохион байгуулж буйд маш их талархаж байна. Түрээсийн төлбөр огт төлөхгүй учир бүтээгдэхүүнээ хамгийн хямдаар борлуулж байгаа. Тухайлбал, улсын бүртгэлийн дугаартай, чанарын баталгаатай, цэвэр зөгийн балаа нэг кг-ыг нь 25 мянган төгрөг буюу бөөний үнээс ч хямдаар худалдаж буй хэмээв.
Т.БОЛД (Худалдан авагч): -Сар шинийг угтсан үзэсгэлэн худалдааг зорьж ирлээ. Би эмчээр ажилладаг. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо цэвэр, байгалийн гаралтайг ньчухалчилж худалдан авдаг. Монголынхоо үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг хямд үнээр, өргөн сонголттойгоор хүргэж буй ньмаш их таалагдаж байна.
“НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИУЛАХ, БОРЛУУЛАХ БОЛОМЖ ОЛДЛОО”
М.ДЭЛГЭРМАА (Баянхонгор аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч): -Би Баянхонгор аймгаас ирсэн. Шарж утсан мах, царцаамаг, салат, кимчи зэрэг бүтээгдэхүүнийг тав дахь жилдээ үйлдвэрлэж байна. Үхэр, адуу, хонь, ямааны шарж утаж ороосон мах, царцаамаг, чанаж утсан гүзээ зэрэг бүтээгдэхүүнээ нөөцөлж авчирлаа. Тав хоногийн хугацаанд 150 кг мах, 200 кг царцаамаг борлуулсан. Тун удахгүй дахиад мах, царцаамаг авчирна. Хүмүүс ч их ирж байна, худалдаа ч сайн байгаа. Орон нутгийн үйлдвэрлэгчдийн хувьд нийслэлийнхэндээ бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах боломж олгосонд маш их талархаж байна. Бид зөвхөн нутагтаа л бараа борлуулахгүй, өөр аймаг, хот руу бас нийлүүлэх боломжтойг олж харлаа.
“ТУХТАЙ, ДУЛААХАН ТӨВД АЖИЛЛАЖ БУЙ НЬ ТАЛАРХУУШТАЙ”
М.ДАВААЖАРГАЛ (Архангай аймгийн Чулуут сумын жижиг, дунд бизнес эрхлэгч): -Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн, арга хэмжээнд зургаа дахь жилдээ оролцож, 16 төрлийн ааруул борлуулж байна. Өмнөх жилүүдийн хувьд хүйтэнд гадаа зогсох, түрээсийн төлбөр төлөх зэрэг асуудал тулгарсан. Энэ жил илүү тухтай, дулаахан төвд түрээсийн төлбөр өгөлгүйгээр ажиллаж, бүтээгдэхүүнээ борлуулах боломж олдсонд сэтгэл хангалуун байгаа. Мөн бизнес эрхэлж буй хүмүүст зориулаад олон төрлийн мэдээлэл өгч буй нь олзуурхууштай. Бид 2.6 тонн нөөц бүтээгдэхүүнтэй ирсэн. Үнээ орцоос нь хамааруулан 18-27 мянган төгрөгийн хооронд тогтоолоо. Чанартай, эрүүл, амттай бүтээгдэхүүнээ хямд үнээр худалдан авахыг иргэддээ уриалъя.
С.БЯМБАСҮРЭН (Чингэлтэй дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгч): -Манайх таван ажилчинтай, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй. Үндэсний хувцас оёж, борлуулдаг. Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд тав дахь жилдээ оролцож байна. Энэ жилийн хувьд бид 300 мянган төгрөгийн үнэтэй тэрлэгийг 210 мянган төгрөг болгон хямдруулах зэргээр бараагаа зарж буй. Ер нь эндээс бүх хэрэгцээгээ нэг дороос хангах, хамгийн хямд бараа, бүтээгдэхүүн авах боломжтой. Би өөрөө ч хэрэгцээний зүйлсээ авлаа.
“БАРААНЫХАА ҮНИЙГ 70 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛСАН”
Б.БАТТУЯА (Чингэлтэй дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгч): -Хүүхдийн хувцасны “Хүслэн” брэндийн бүтээгдэхүүнээ хоёр жилийн өмнөөс борлуулж эхэлсэн. Энэ хугацаанд хүмүүст танигдан, худалдан авагч, захиалагчтай болж амжлаа. Эгч минь ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олохоор брэндээ үндэслээд, охиныхоо нэрээр нэрлэсэн юм. Бид нимгэн тэрлэг, хантааз, монгол цамц зэрэг бараагаахямдралтай үнээр худалдаж байна. Тухайлбал, 180 мянган төгрөгийн үнэтэй цамцыг 110 мянга болгож хямдрууллаа. Үзэсгэлэнгийн бусад оролцогчийн бараа, бүтээгдэхүүнтэй танилцсан. Хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ нутаг нутгийн онцлогтой, амт нь ч өөр өөр юм байна.
Н.ЭНХЧИМЭГ (БАСУ брэндийн үүсгэн байгуулагч): -БАСУ брэнд нь эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгох, орлогыг нь нэмэгдүүлэхийг дэмжих зорилготой, нийгэмд чиглэсэн бизнес буюу сошиал энтерпрайз юм. Бид спорт хувцасны үйлдвэрлэлээр дагнан үйлчлүүлэгч, захиалагч нарынхаа хүссэн өнгө, загвараар чанартай бүтээгдэхүүн гаргахыг эрхэмлэн ажилладаг. “Амар байна уу-2023” үзэсгэлэнд бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, хүргэх зорилгоор оролцож байна. Нийгэмд ээлтэй бизнес эрхлэх, бие биеэ дэмжих, мөн эдийн засгаа эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг, үлгэрлэхийг зорьж бараануудаа 70 хүртэлх хувиар хямдрууллаа. Тухайлбал, хүүхдийн бэлтгэлийн өмдийг бид 15 мянга, хослолыг 110 мянга, цамцыг 40 мянган төгрөг болголоо. Энэ жилийн үзэсгэлэн олон талаараа оролцогч, зочдынхоо тав тухыг хангасан, өргөн дэлгэр арга хэмжээ болж байна. Дулаан, тухтай, зай талбай хүрэлцээтэй, агааржуулалт ч сайн. Олон хүн ирсэн ч зогсоол хүрэлцээтэй. Зохион байгуулалт ч маш сайн, олон төрлийн мэдээлэл авах боломжтой нь бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг болно.