Украинд танк, зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцсэн жагсаал Германы өмнөд нутгийн Мюнхен хотод боллоо. Эсэргүүцлийн ажиллагааг “Muenchen steht auf” хөдөлгөөн зохион байгуулжээ. Бавар мужийн нийслэлийн олон зуун оршин суугч хотынхоо гудамжаар жагсан явж, төв талбайдаа цугласан байна. Жагсагчдын барьсан зурагт хуудас, тугнуудаас энх тайвныг уриалсан, Киевт танк нийлүүлэхийг шүүмжилсэн бичээсүүдийг харж болохоор байв. Уг арга хэмжээ болохын өмнөх өдөр зохион байгуулагчид нь жагсаал зөвхөн энх тайвны сэдэвтэй байхыг анхааруулжээ. Тус хөдөлгөөний төлөөлөгчид Украинд зэвсэггүй энх тайван байдал тогтоох, эдийн засгийн “дайн”-ыг зогсоохыг уриалж байна. ХБНГУ-ын эрх баригч эвсэлд багтдаг Социал демократ нам Украинд ойрын үед 80 орчим “Leopard 2A6” танк нийлүүлэхийг мэдэгджээ. Үүнээс 14-ийг нь илгээсэн гэнэ. Эдгээр танк 3-4 сарын дараа Украины зэвсэг болох аж. Үүнээс гадна танк экспортлохыг Берлин бусад оронд зөвшөөрсөн байна. Киевт танк илгээхээр Берлин шийдвэрлэснийг ОХУ-аас ХБНГУ-д суугаа Элчин сайд Сергей Нечаев онц аюултай гээд, энэ нь дайныг шинэ түвшинд шилжүүлнэ хэмээжээ. Украины зэвсэгт хүчинд 31 ширхэг “M1 Abrams” танк, тэдгээрт үйлчилгээ үзүүлэх найман “M88” хуягт-сэргээн засах машин илгээнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден хэвлэлд тусгайлан үг хэлэхдээ мөн мэдэгджээ. Америкийн албаны хүний хэлснээр энэ алхам нь Украиныг дэмжих талаар олон улсын хамтын нийгэмлэг эв санаа нэг буйг илэрхийлж байгаа юм. АНУ-ын засаг захиргаа дахь эх сурвалжаасаа эш татан “Politico” сонины мэдээлснээр өмнө нь Вашингтон ложистик, засвар, үйлчилгээтэй холбоотой асуудлын улмаас танкуудаа Украинд нийлүүлэхээс татгалзсан аж. Тэгвэл “Wall street journal” сонинд бичсэнээр “Leopard” танкийг нийлүүлэхийг Германаар зөвшөөрүүлэхийн тулд АНУ Украинд “Abrams”-аа илгээхээр болжээ.