Агаар, орчны бохирдолтой тэмцэх чиг үүрэгтэй байгууллагууд, тэр дундаа Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо ажлаа хийж чадахгүй байгааг “Агаарын бохирдол-асуудал шийдэл” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр цөөнгүй хүн дурдав. Уг хэлэлцүүлгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ), Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, “Агаарын харуул” НҮТББ зэрэг байгууллага хамтран Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд өчигдөр зохион байгуулсан юм. МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогзолмаа “Манай зөвлөл өнгөрсөн оны гуравдугаар сард “Ногоон парламент”-аа хуралдуулж, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, судлаачдынсаналыг нэгтгэсэн зөвлөмж, шаардлагыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлсэн. Үүнээс хойших хэд хэдэн удаагийн уулзалтаар БОАЖ-ын сайд болон холбогдох хүмүүсээс шаардлага, зөвлөмжийнхөө хариуг нэхсэн ч өгөөгүй. Нэгийг нь ч биелүүлээгүй. Нэгдүгээрт, агаарын чанарын индексийг үнэлдэг журмаа өөрчлөх шаардлага тавьсан. Манай улс 2018 оны аравдугаар сард агаарын чанарын индексээ өөрчлөхдөө цаг тутамд мэдээлдэг байсан үзүүлэлтийг гурав, найман цагаар дундажлан харуулдаг болсон юм. Ингэснээр бодит байдлаас зөрүүтэй, бага үзүүлэлт гарах болсон. Хоёрдугаарт, агаарын чанарын стандартаа дэлхийн жишигт нийцүүлэхийг шаардсан. Монголын стандарт үзүүлэлт ДЭМБ-ынхаас илт зөрүүтэй байдаг. Гуравдугаарт, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог хяналттай болгох асуудал дэвшүүлсэн. Тус хороо асар чадамжгүй, оновчтой бодлого, шийдвэр гаргадаггүй, ажлаа хийж чаддаггүй нь олон зүйлээр нотлогдож буй. Тиймээсбүтэц бүрэлдэхүүнд ньхөндлөнгийн судлаач, олон улсын байгууллагын төлөөллийг зайлшгүй багтаах ёстой гэж үзсэн” хэмээв.