Олон улсын хотуудын агаарын чанарыг тогтмол мэдээлдэг iqair.com цахим хуудсанд жагсааснаар Улаанбаатар өчигдөр 10.00-13.00 цагт утаагаараа дэлхийд 2-3 дугаар байрт бичигдлээ. 100 орчим хоттой харьцуулахад манай нийслэл ийнхүү “үнэлэгдсэн” юм. PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцрын бохирдол их байгаагаас утааны үзүүлэлтүүд цойлжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс манай орны нийт нутгаар хүйтний эрч эрс чангарсан. Улмаар энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд тохиосон юм. Хэдий тийм ч тухайн үед агаарын бохирдол харьцангуй багассан нь салхи ихтэй байсантай холбоотой бололтой. Харин өчигдрөөс нийслэлд хүйтний эрч бага зэрэг суларч, салхигүй, тогтуун болсон нь утаа ихсэхэд нөлөөлөв. Агаарын бохирдолтой тэмцэхэд манай улс жил бүр багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсаар ирсэн ч үр дүнд хүрсэнгүй. Бохирдлын хэмжээ хөрөнгө зарцуулаагүй үеийнхтэйгээ адил буюу Улаанбаатар утаагаараа дэлхийд тэргүүлсэн хэвээр л байна.
Бэлтгэсэн М.Оч