Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос хоригдлуудын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа хийж, дүнг нь өчигдөр танилцууллаа. Долоон хорих ангийн 996 хоригдлыг судалгаанд хамруулжээ. Тэдний 93.1 хувь нь хөдөлмөр эрхэлж буйг судалгаагаар тогтоосон гэнэ. Хөдөлмөр эрхлэх болсон шалтгааныг нь тодруулахад олонх буюу 85.1 хувь нь “Хорих ялаасаа хоног хасуулах боломжтой учраас” гэж хариулсан байна. Мөн 33.7 хувь нь цагийг үр дүнтэй өнгөрөөх хүсэлтэй, 29.4 хувь ажлын ур чадвар эзэмшихийг хүссэн гэжээ. Түүнчлэн 17.9 хувь цалин хөлс авахыг хүссэн гэсэн бол 3.9 хувь нь ажил хийхээс өөр аргагүй буюу татгалзах боломжгүй байсан хэмээн хариулсан аж. Хоригдлууд ихэвчлэн хорих ангийн харьяа үйлдвэр, тухайн бүсдээ хөдөлмөр эрхэлдэг байна. Харин судалгаанд оролцогчдын 1.4 хувь нь хорих ангийн удирдлага, албан хаагч, тэдний найз нөхдийн хувийн аж ахуйн нэгжид ажилладаг хэмээжээ. Үүнээс гадна цөөнгүй хоригдол цалин хөлсгүйгээр хөдөлмөр эрхэлж байгааг судалгааны багийнхан онцлов. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 33 хувь нь хөдөлмөр эрхэлснийхээ төлөө цалин хөлс аваагүй гэсэн аж.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхэлсэн хоригдолд шагналын хоног олгодог. Өөрөөр хэлбэл, хоригдох хугацаанаас нь тодорхой хэмжээгээр хасдаг байна. Хуулийн эл зохицуулалтыг хорих ангиудад хэрэгжүүлж буй, эсэхийг судалгааны багийнхан тодруулахад, хоригдлуудын олонх нь хөдөлмөр эрхэлдэг ч ажилласан цаг нь заасан хугацаанд хүрдэггүйгээс ял эдлэх хоногоосоо хасуулж чаддаггүй гэжээ. ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид энэ талаар “Хоригдол сард 160 цаг ажилласан бол 10 хүртэлх хоногоор шагнуулдаг. Судалгаанаас үзэхэд, хоригдлуудын 90 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолтой байна. Гэхдээ хөдөлмөр эрхэлсэн хугацаа нь 160 цагтаа хүрдэггүйгээс шагналын хоногоо авч чадахгүйд хүрдэг нь судалгааны үр дүнд харагдлаа. 160-аас бага, жишээлбэл, 159 цаг ажилласан бол шагналын хоног хасагддаггүй. Энэ асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдэх хүсэлтээ олон хоригдол илэрхийлсэн” гэв.
Бэлтгэсэн М.Оч