“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн оны зургадугаар сард ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нээсэн. Ховор, ашигт, модлог ургамлын нөөц бүрдүүлэх, гений санг хамгаалах зорилготой тус төвд 1000 тонн үр нөөцлөх зорилт дэвшүүлээд буй. Мөн үүний харьяанд ажиллуулах лаборатори, бусад нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлэх, эхлүүлэх бэлтгэлийг өдгөө хангаж байгаа юм. Тэгвэл ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Ойн нөөц, ой хамгааллын салбарын судлаачид энэ төвийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ. Түүнчлэн үрийн генетик нөөцийн хамгаалал, Монгол орны ойн санд зонхилон тохиолддог хөнөөлт шавжийн онцлог, тэмцлийн арга хэлбэр зэрэг сэдвээр шинэ төвийн ажилтнуудын дунд сургалт зохион байгуулжээ. Талууд ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, туршилт, судалгааны чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болсон байна. Ташрамд дурдахад, ойн генетик нөөцийн төв нь үрийн, биотехнологийн, хорио цээрийн гэсэн гурван лабораторитойгоор үйл ажиллагаа явуулах аж.
Бэлтгэсэн Н.Мишээл