Эрчим хүчний системийн оргил ачаалал уржигдар 19.00 цагт 1474 МВт-д хүрсэн нь Монгол Улсын хэмжээнд одоогоор хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай ЭХЗХ-ноос өчигдөр мэдээлэв. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 138 МВт-аар илүү бөгөөд импорт 130 МВт-аар өссөн гэнэ. Сонирхуулахад, эрчим хүчний системийн оргил ачаалал өнгөрсөн арваннэгдүгээр сард 1300 төдийгүй 1400 МВт давсныг статистикаас харж болохоор байна. Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-нд импорт өмнөх оныхоосоо 228 МВт-аар өссөн нь сүүлийн сарууд дахь хамгийн өндөр дүн юм. Мөн системийн чаалал өнгөрсөн сарын 16-нд 1469 МВт-д хүрч байв. Тэгвэл 2021 оны хамгийн их ачаалал эл өдөр 1387 МВт-д хүрч байжээ. Зарим мэргэжилтний тэмдэглэснээр манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал (бүх эх үүсвэр цахилгаан үйлдвэрлэлээ гэж тооцоход) 1430 МВт аж. Гэтэл оргил ачаалал ийнхүү нэмэгдэж, хүчин чадлаас давсан хэрэглээг хангаж буй.
Ташрамд дурдахад, оргил ачааллын үед (17.00-22.00 цаг) хэрэглэгчид ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслүүдээ унтраах нь ачааллыг бууруулж, импортын зардлыг багасгах нөлөөтэйг ЭХЗХ-ноос сануулсан юм. Түүнчлэн шинэ бүтээгдэхүүн авахдаа А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл сонгосноор ардлаа 15-30 хувиар хэмнэх боломжтой аж. Мөн компьютер, принтер, ус буцалгагч, зурагт, утасны цэнэглэгч, кофе чанагч, угаалгын машин, wi-fi төхөөрөмж зэрэг нь тэжээлд залгаатай байхдаа эрчим хүчийг ашигласаар байдаг буюу тэр хэмжээгээр үргүй зардал үүсгэдэг байна.