Манай орны нийт нутагт энэ сарын 21-нээс эхлэн хүйтний эрч эрс чангарсан. Ялангуяа 23-24-нд энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд тохиож, агаарын температур шөнөдөө -40, өдөртөө -30-аас давлаа. Үүнтэй холбоотойгоор Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нэгэн хүнлэг шийдвэр гаргажээ. Гадаа ажиллах нь битгий хэл, түр зуур зогсоход ч хүндрэлтэй хүйтэн хоёр хоногт зам, талбайн үйлчлэгч нарыг амраахаар тэрбээр шийдвэрлэсэн аж. Үүнийг“Налайх тохижилт үйлчилгээ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхнаас тодруулахад “Зам, талбайн үйлчлэгч, хогтээвэрлэдэг автомашины жолооч нарыг хоёр өдөр амраахаар шийдвэрлэсэн. Үүнд 48 хүн хамрагдаж байгаа” хэмээн мэдээлсэн юм. Дээрх шийдвэртэй холбоотойгоор уг газраас иргэдэд хандан хогоо ил задгай хаяхгүй байхыг уриалсан байв.
Бэлтгэсэн М.Оч