Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн Дорнод аймгийн Халхгол сумд тахь нутагшуулах боломжтой, эсэхийг холбогдох байгууллагынхантай хамтран судалж буй талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл эл нутагт судлаачдын шалгуурт нийцжээ. Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек Халхгол сумын Сүмийн хоолойд тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлэх болсон талаараа дуулгав. Тэрбээр “Хэдэн жилийн турш судалгаа хийж, олон мянган км замыг удаа дараа туулсан аяллын эцэст тахь нутагшуулах шинэ төсөл эхлүүлэх шийдвэр гаргалаа. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Ташрамд дурдахад, тус амьтны хүрээлэнгийнхэн БНЧУ-ын холбогдох байгууллагынхантай хамтран өнгөрсөн хугацаанд Монголын баруун бүсэд нийт есөн удаагийн тээвэрлэлтээр тахь нутагшуулаад буй билээ.
Бэлтгэсэн Н.Мишээл