Монголын “Улаан ном”, хөхтөн амьтны “Улаан данс”-нд багтсан, Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-нд нэн ховор статустайгаар бүртгэсэн Алтайн чацуулан (Talpa Altaica-Nicolsky) хэмээх нэгэн зүйлийн амьтныг Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан Хорьдол Сарьдагийн нурууны нэг уулнаас илрүүлсэн талаараа мэдээллээ. Энэ нь сохор номинтой нэг овог, багт хамаардаг, шавж идэштэн амьтан аж. Байгаль хамгаалагчид хэд хэдэн цэгт тус амьтны тархац нутгийн тэмдэглэгээ хийгээд буй бөгөөд уржигдар нэг чацууланг үхсэн байхад нь олжээ. Дээрх хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх “Монголд огт судлагдаагүй, тархац нутаг нь тодорхойгүй ховор амьтан олсон нь азтай үйл явдал боллоо. Эл амьтан газрын хар шороон хөрсөн давхаргад шавжаар хооллож амьдардаг” гэв.
“Монгол орны ан амьтан” номд “Алтайн чацуулангийн бие 190 мм, сүүл нь 34 мм хүртэл урт байдаг. Бие нь бөмбөгөрдүү. Хүзүү богино, хоншоор урт, шонтгор. Газар малтахад зохицсон бахим, гадагш эргэсэн, богино хөлтэй. Нүд анивчдаг зовхитой боловч үсэн дотроо бараг далдарсан. Хүрэн бор толбо бүхий торгомсог, гялтганасан үстэй. Иртыш мөрнөөс зүүн тийш Баруун, Дунд Сибирь, Байгал нуурын баруун өмнөд нутаг хүртэл тархсан. Монголд Цагаан шувуут уулнаас зүүн тийш Тагна нурууны өвөр бэл, Тэс голын эх, Улаан тайга, Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хойт уулс, Үүр голын эх хүртэлх зурвас нутагт хэсэгхэн газарт тохиолдоно. Чийгийн улаан хорхой, элдэв шавж, тэдгээрийн өндөг, өтөөр хооллодог. Хөрсөн доогуур ярган амьдрахад зохилдсон. Монголд тоо толгойг нь судалж, тогтоогоогүй. Шар усны үер буух, өвөл хөрс гүн хөлдөх зэрэг нь уг амьтан олноороо хорогдох шалтгаан болдог” гэжээ.