Стокхолмд болсон дуулиан шуугианы дараа Швед улс НАТО-д элсэх асуудлаар Туркээс дэмжлэг хүлээх хэрэггүй гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан мэдэгдэв. Тэрбээр Сайд нарын танхимынхаа хуралдаанд оролцсоны дараа эл мэдэгдлээ хийжээ. Стокхолм дахь Туркийн Элчин сайдын яамны өмнө исламын шашинтнуудын ариун коран судрыг шатаасныг Туркийн эрх баригчид эрс эсэргүүцэж, уг үйлдлийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан, орчин үеийн хамгийн зэрлэг балмад үйлдэл хэмээн нэрлэв.
“Шведэд, тухайлбал, манай дипломат төлөөлөгчийн газрын ойролцоо ийм ажиллагаа болсныг исламын шашинтнууд, ер нь бүх ард түмэн, нийтлэг эрх, эрх чөлөөг доромжилсон хэрэг гэж үзэж байна. Та бүхэн террористуудыг өөгшүүлж байгаа хэрнээ НАТО-д элсэх дэмжлэг хүлээж буй. Ийм байж болохгүй. Швед улс биднээс ийм дэмжлэг хүлээх хэрэггүй” гэж тэрбээр хэлснийг TRT телевиз дамжуулав.
Стокхолмыг террорист байгууллагуудтай тэмцэх чиглэлээр Туркийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ гэж найдаж байгаагаа Туркийн удирдагч мөн онцлон тэмдэглэв. “Шведийн эрх баригчид хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг бол юуны түрүүнд Бүгд Найрамдах Турк Улс болон мусульманчуудын шашны сүсэг бишрэлийг хүндэтгэх хэрэгтэй. Ийм хүндэтгэл үзүүлэхгүй бол НАТО-д элсэх талаар ямар ч дэмжлэг авахгүй” гэж тэрбээр онцлон тэмдэглэв. Туркт террорист гэж үздэг, Курдистаны ажилчны намыг дэмжсэн жагсаал Стокхолм хотод энэ сарын 11-нд болсон. Энэ үеэр жагсагчид Эрдоантай төстэй хүүхэлдэйг дүүжилсэнюм. Эл хэрэг явдал болон Швед улс дуулиан тарьсан үйл ажиллагаанд оролцсон хүмүүсийг хайхаас татгалзсан нь Анкарагийн эрс эсэргүүцэлтэй тулгарав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Стокхолмд коран судар шатаасныг буруушаасныг түүний албан ёсны төлөөлөгч Стефан Дужаррик олон улсын тус байгууллагад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. “Исламын шашинтнуудын хувьд ариун судрыг шатаасныг Соёл иргэншлийн эвсэл”-ийн тэргүүн Мигель Анхел Моратинос буруушаан мэдэгдэл хийснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бүрэн дэмжиж байна. Энэ нь ислам, иудаизм болон бусад олон шашныг үзэн ядаж байгаагийн бас нэг бэлгэ тэмдэг юм. Ийм үйлдлүүдийг бид ил тод буруушаах ёстой” гэж С.Дужаррик тэмдэглэжээ.
“Соёл иргэншлийн эвсэл” нь янз бүрийн соёл, шашин шүтлэгтэй улс орон, ард түмний харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой, 2005 онд бий болсон, НҮБ-ын систем дэх байгууллага юм.