Улаанбаатар хотын ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Тухайлбал, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ үүнд хамаарч буй. Түүнчлэн Хан-Уулын 12-14, Баянзүрхийн 11, 20, Сонгинохайрханы 21, 32 дугаар хорооноос бусад хэсэгт мал аж ахуй эрхлэх хориотой. Гэтэл энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс шалтгаалан нийслэлийн нутаг дэвсгэр, ялангуяа тусгай хамгаалалттай бүсэд мал орж ирэх тохиолдол ихэсжээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга хориглосон бүсээс мал гаргах захирамж гаргасан байна. Үүний хүрээнд дүүрэг, хороодын ЗДТГ, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн, Мал эмнэлгийн, Байгаль орчны газрынхан хамтран хяналт, шалгалт хийж, хориглосон бүсэд орж ирсэн малыг эздэд нь хүлээлгэн өгч, анхааруулга, зөвлөмж хүргүүлж буй аж. Тухайлбал, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн хориглосон бүсэд нийт 250 мал, тэр дундаа адуу олноор орж иржээ. Тэдгээрийг Улиастайн болон Шарын ам руу гаргасан байна. Түүнчлэн цаашид хориглосон бүсэд орж ирсэн малын эзнийг тогтоон, зөрчлийг баримтжуулах, улмаар шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцохыг холбогдох байгууллагууд анхаарууллаа.
Бэлтгэсэн М.Оч