ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Сансар судлалын төвөөс “Сансар судлал монгол марк, зоос, дугтуй, ил захидалд” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Үүнд тус төвийн судлаачдаас гадна Монголбанк, “Монгол шуудан” ХК-ийн төлөөлөл, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лабораторийн багш нар оролцлоо.
Манай улс 1924 онд “Элдэв-Очир” нэртэй хамгийн анхны маркаа гүйлгээнд гаргажээ. Харин үүнээс 35 жилийн дараа буюу 1959 онд сансрын сэдэвтэй анхны хос марк хэвлүүлснийг Сансар судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Банзрагч дурдлаа. Үүнд ЗХУ-ын “Луна-3” сансрын хөлгийг дүрсэлсэн гэнэ. Дараа нь 1961 онд ЗХУ-ынсансрын нисэгч Юрий Гагарины зурагтай, 1963 онд АНУ, ОХУ-ын сансрын хөлгүүдийг дүрсэлсэн маркуудыг хэвлүүлжээ. Хамгийн сүүлд 2021 онд монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойгоор хамтарсан сансрын нислэгийн түүхийг харуулсан шинэмарк гүйлгээнд нэвтрүүлсэн байна. Монгол Улс 1924 оноос хойш 1117 марк хэвлүүлсний 110 орчим нь сансрын холбогдолтой байгаа нь бусад салбартай харьцуулахад өндөр үзүүлэлт гэдгийг оролцогчид онцлов.
Монголбанк нийт 12 дурсгалын зоос гаргасны тав нь ийм сэдэвтэй аж. Тодруулбал, монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдалд зориулж хамгийн анх 1981 онд “ЗСБНХУ-БНМАУ сансрын хамтарсан нислэг” зоос гаргажээ. Дараа нь 1994 онд “Союз-39”, “Салют-6”, 2011 онд “Сансрын хамтарсан нислэг 30 жил”, хамгийн сүүлд 2021 онд “Сансар-40 жил” дурсгалын зоос гаргасан байна. Үүнд хамтарсан нислэгийн үед ашиглаж байсан Монголын лого болон “MARS-V” төслийн логог буулгажээ. Марк, зоос нь аливаа улсын хөгжил, түүх, өв соёл, уламжлалыг сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг, тусгаар тогтнолын бэлгэтэмдэг болсон үнэт зүйл гэдгийг судлаачид энэүеэр хэллээ.