Шинэ Зеландын эрх баригч Хөдөлмөрийн намын шинэ удирдагчаар Крис Хипкинз сонгогдож, Ерөнхий сайд Жасинда Ардерныг огцорсны дараа Засгийн газраа удирдах болсныг “New Zealand herald” сонин мэдээлэв. Тус намын шинэ дарга сонгогдсон даруйд Ж.Ардерн огцрох өргөдлөө амбан захирагчдаа өргөн барьснаар элулсын шинэ, 41 дэх Ерөнхий сайд тангараг өргөх журамтай. Британийн хамтын нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг Шинэ Зеландын амбан захирагчийг хаан III Чарльз томилдог юм. Шинэ Ерөнхий сайд нь Сайд нарын танхимын эхний хуралдаанаа маргааш хийнэ.
“Ерөнхий сайдаар ажиллаж эхлэх боломжийг тэсэн ядан хүлээж байна. Энэ бол маш том завшаан, асар өндөр хариуцлага юм” гэж Крис Хипкинз сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. К.Хипкинзийн Шадар сайдаар Нийгмийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт болон Соёл урлаг, үндэсний өвийн сайд Кармел Сепулони ажиллах гэнэ. Өдгөө 44 настай Крис Хипкинз 2017 оноос хойш Шинэ Зеландын Хөдөлмөрийн намын гишүүдээс бүрдсэн Засгийн газрын гол хүмүүсийн нэг болжээ. Тэрбээр намынхаа удирдагчаар сонгогдохоосоо өмнө Боловсрол, Дотоод хэрэг, Төрийн албаны сайд, тэрчлэн парламентынхаа Төлөөлөгчдийн танхимын даргын албан тушаалыг хавсран хашиж байжээ. 2019 оны гуравдугаар сард түүнд “Ковид-19”-ийн эсрэг хариу арга хэмжээ авах болон Эрүүл мэндийн сайдаар ажиллах үүрэг нэмж өгч байв.
2017 онд 37 настайдаа Засгийн газрын тэргүүнээр сонгогдон, дэлхийн хамгийн залуу эмэгтэй Ерөнхий сайд болсон Жасинда Ардерн хүнд нөхцөлд бараг зургаан жил ажилласныхаа дараа өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан юм. Тэрбээр цар тахал, Кристчерчийн сүмд болсон буудалцаан, Уайт-Айленд арлын галт уулын дэлбэрэлт зэрэг хүнд сорилтыг даван туулсан билээ.