Монголын хоккейн холбооноос лигийн АШТ-ий III тойргийн тоглолтыг Багануур дүүрэгт зохион байгууллаа. Тус тэмцээнийг “Багануур” багийн шилдэг хамгаалагч, лигийн дөрвөн удаагийн аварга тоглогч Д.Эрдэнэбилэг агсны нэрэмжит болгосон юм. Тэмцээнд таван баг тойргоор өрсөлдсөнөөс “Отгон-Од” клубийн “Бласт” багийнхан нэг ч ялагдалгүйгээр дөрөв хожин, 12 оноогоор түрүүлэв. Тэгвэл Дархан-Уул аймгийн “Шарын гол”-ын хоккейчид удаалж, “Багануур”- ынхан III байрт шалгарчээ. Тэмцээний тэгш тоглогчоор И.Алтангэрэл (“Багануур”), шилдэг довтлогчоор А.Бату (“Бласт”), хаалгачаар Б.Мөнхболд (“Бласт”), хамгаалагчаар А.Богданов (“Хангарьд”), залуу тоглогчоор Б.Иххишиг (“Шарын гол”) нар тодорлоо. Хоккейн лигийн III тойрог өндөрлөснөөр өдгөө хагас шигшээ болон шигшээ тоглолтууд үлдээд байна. “Степпе арена”-д ирэх сарын 13-19-нд болох хагас шигшээд “Бласт” багийнхан “Билэгтхүү”-тэй, “Багануур”-чууд “Шарын гол”-ынхонтой оноолт таарчээ. Багуудаас түрүүлж хоёр хожсон нь шигшээд шалгарна.