АМГТГ-аас гаргасан статистик мэдээллээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо өнгөрсөн оны эцсээр 2544 болсныг мэдэгдлээ. Үүнээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 1713 болсон байна. Харин хайгуулын тусгай зөвшөөрөл 831-тхүрэв. Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 3078 байжээ. Үүний 1673 нь ашиглалтын, 1405 нь хайгуулынх байсан аж. Эндээс ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өссөн, хайгуулынх цөөрсөн дүр зураг харагдаж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээ 5.9 сая га болжээ. Үүний 1.8 сая нь ашиглалтынх юм. Тусгай зөвшөөрөл бүхий талбай нийт нутаг дэвсгэрийн 3.8 хувийг эзэлсэн дүн гарчээ.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо цөөрсөнд уул уурхайн салбарынхан санаа зовж буй. Харин Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох үйл явцыг хойшлуулсаар байгаа. АМГТГ-аас өнгөрсөн арваннэгдүгээр сараас хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар, ил тод өрсөлдөөний дагуу олгоно гэж мэдээлсэн ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлуулжээ.