Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл 2020-2024 он хүртэл хэрэгжүүлэх аж. Энэ хүрээнд Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилга, Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх юм. Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилгыг Морингийн давааны хогийн цэгт одоо ашиглаж байгаа талбайн хажууд байгуулах гэнэ. Энэ нь ашиглалтад орсноор хуучин хогийн цэгийн үйл ажиллагааг зогсоож, нөхөн сэргээлт хийх бөгөөд шинэ байгууламжид Улаанбаатар хотоос ялгарч буй хог хаягдлыг хүлээн авна. Мөн барилга болон барилга буулгалтын хог хаягдлыг бутлан дахин боловсруулж 20, 30, 40 мм-ийн хэмжээтэй хайрга үйлдвэрлэх юм байна. Тус үйлдвэрээ энэ жил ашиглалтад оруулах аж. Мөн төвлөрсөн хогийн цэгт ажиллах 29 машин механизмыг нийлүүлэхээр төлөвлөжээ. Улмаар хогийн цэгт хог түүдэг иргэдэд ажлын байр бий болгох, сургалтад хамруулах зэрэг ажлуудыг хийх юм байна.