БНХАУ-ын иргэд билгийн тооллын хар, усан туулай жилтэй золгосны баяраа тэмдэглэж байна. “Ковид-19” цар тахал эхэлснээс хойш гурван жилийн дараа анх удаа тус улсын иргэд цагаан сарын баяраар дотооддоо чөлөөтэй зорчих боломж нээгджээ. Эрх баригчид нь улсынхаа нутаг дэвсгэр болон хилийн боомтуудад тогтоосон, корона вирусийн эсрэг хязгаарлалтуудаа өнгөрсөн оны арван хоёрдугаар сард цуцалсан билээ. БНХАУ- ын Шилжилт хөдөлгөөний албаны мэдээлснээр сар шинийн баяраар тус улсаас орж, гарах хүний тоо 600 мянга орчим байх бөгөөд энэ нь жилийн өмнөхөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм.
Хятадад баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан зарим ресторан, банк, дэлгүүр, төрийн байгууллага долоо хоногийн хугацаатай амарсан байна. Зөвхөн цагдаа, гал сөнөөгчид болон бусад онцгой албаныхан үүрэг гүйцэтгэж буй гэнэ. Энэ жил Бээжин хотын засаг захиргаа аюулгүй байдлын үүднээс уламжлалт шинэ жилийн салют буудуулахыг хоригложээ. Үүнийг Хятадын нийслэлд амьдардаг үүрэн холбооны хэрэглэгчдийн утасны дугаарлуу эрх баригчдийнх нь илгээсэн мессеж, хот даяар тараасан цаасан мэдэгдлүүд нотолж байна. Үүний сацуу цар тахлын дараа Бээжинд сүм хийдийн уламжлалт үзэсгэлэн болон баярын бусад арга хэмжээ дахин сэргэх төлөвтэй аж.
Билгийн тооллын дагуу БНХАУ-д шинэ он нэгдүгээрсарын 21-22-нд шилжих шөнө эхэлсэн бөгөөд 2024 оны хоёрдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ. Хятадын ард түмний хувьд цагаан сар нь билгийн тооллын дагуу тэмдэглэдэг хамгийн чухал баяруудын нэг юм. Энэ үеэр аялж жуулчлах, төрөлх нутагтаа очдог уламжлалтай билээ. Эх газрын Хятадаас гадна Хонконг, Макао, Тайвань, Зүүн өмнөд Ази болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хятадууд туулай жилтэй золгосны баяр тэмдэглэж байна.