Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, газар нэгжүүдийн уялдааг хангахад анхаарч ажиллах, мөн төв магистрал гудамж, замаас гадна гэр хорооллын гудамж, зам, талбайн цэвэрлэгээнд анхаарахыг онцоллоо. Мөн нийслэлийн нийтийн эзэмшлийн орон сууц, гэр хорооллын дагуух зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлж байв. Түүнээс гадна хүйтний эрч сулрах болоогүй, дахин цас орж хүйтрэх төлөвтэй байгаа тул халтиргаа, гулгаанаас сэргийлэх давс бодисын татан авалт, нөөц бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг зөвлөгөөний үеэр хэллээ.
Түүнчлэн хотын менежер дүүргийн нутаг дэвсгэртээ хог тээвэрлэлт хариуцах гэрээт байгууллагуудыг хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулж, гудамж замыг эзэнжүүлэх, явц, үр дүнг тухай бүр мэдээлж ажиллах, хогийг эх үүсвэр дээр ангилан ялгах, улмаар тээвэрлэх үйл ажиллагаанд үр дүнд чиглэсэн менежмент хэрэгжүүлэх, дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, Хог тээврийн байгууллагатай “Хог тээврийн гэрээ”-г байгуулахдаа “Хог хаягдлын тухай” хуулийн “9.4.12. нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох” заалтыг удирдлага болгож, аж ахуйн нэгжийн орчны 50 метр хүртэлх зам талбайн зураглалыг хийлгэж, эзэнжүүлэх, улмаар мэдээллийн сан байгуулах ажлыг зохион байгуулах үүрэг өгчээ.