МУИС-ийн Экологийн боловсролын төвийнхөн “Өвлийн дундаас зуныг мэдэрье” танин мэдэхүйн өртөөчилсөн аялал, сургалт зохион байгуулж байна. Энэ нь сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, хүрээлэн буй орчноо танин мэдэхэд нь туслах, тэднийг цахим хэрэглээнээс холдуулж, байгальтай ойртуулах зорилготой хөтөлбөр гэнэ. Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтныхаа хүүхдүүдийг, ерөнхий боловсролын сургуулиуд IV-XII ангийн сурагчдаа үүнд нэгдсэн байдлаар хамруулах боломжтой. Ингэхдээ заавал урьдчилсан захиалга өгөх ёстой бөгөөд нэг удаагийн аялал, сургалтад 15-аас цөөнгүй хүүхэд оролцуулдаг гэнэ. Сурагчид Экологийн боловсролын төвд зочилсноор амьтны музей үзэж, цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэнтэй танилцан, экологийн ул мөр, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, хог хаягдлын менежмент, мод, бут тарих аргачлал зэрэг байгаль орчны сэдэвт сургалтуудад сууж болох нь. “Өвлийн дундаас зуныг мэдэрье” өртөөчилсөн аяллын үргэлжлэх хугацаа хоёр цаг бол төлбөр нь 5000 төгрөг. Ташрамд дурдахад, тус төв нь Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг, Эрхүүгийн гудамжинд байрладаг билээ.