2023 онд хийх нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд одоогоор 117 автобус Улаанбаатар хотод оруулж ирээд байна. Тэдгээрээс 100 автобусыг явуулах чиглэлийг төлөвлөн боловсруулаад буй аж. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөжээ. Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Шинэ автобуснуудыг одоогоор Чингэлтэй-Зүрх уул, Хайлааст-МУБИС, Таван шар-Ботаник зэрэг чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд байна. Бид үйлчилгээний хүртээмжийг нэмэх, шинэ суурьшлын бүсэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор 10 чиглэлд 44 автобус нэмж, богино эргэлтийн 19 чиглэлд 56 автобус хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн. “Шинэ Яармаг” хороолол, Нисэхийн эцэс зэрэг шинээр бий болсон суурьшлын бүс болон “Туул гарден”, “Хан Хиллс” зэрэг хотхон руу нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор төлөвлөлт гаргалаа. Богино эргэлтийн хувьд Тоосгоны үйлдвэр-Ботаник-“Жанжин” клуб гэх алсын чиглэлийг Тоосгоны үйлдвэр-Сансарын тойрог, “Жанжин” клуб-Кино үйлдвэр гэх мэтчилэн хоёр хэсэг болгон хуваасан. Ингэснээр тухайн чиглэлүүд дэх эргэлтийн хурд нэмэгдэж, зорчигчийн хүлээгдлийн хугацаа буурах юм. Хотын зах руу үйлчилгээний стандарт хангахгүй автобус явуулаад хотын төв рүү шинэ автобус явуулна гэх ойлголт байхгүй. Аль болох жигд хүртээмжтэй хуваарилахаас гадна зорчигч урсгалын судалгааны үндсэн дээр гол чиглэлүүдээ сонгож, төлөвлөлтөө хийсэн. Хоёрдугаар сард ирэх 107 автобусанд ч шинэ төлөвлөлт гаргана. Ингэхдээ одоогийн төлөвлөлттэй уялдуулан боловсруулна” гэв.