АНУ-ын Элчин сайдын яамнаас англи хэлний ментор багш бэлтгэх хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлд нийт 200 гаруй ментор багш бэлтгэжээ. Тэд аймаг, дүүргийн бусад багшид зөвлөн туслах, чадавхжуулах ажлуудыг аймаг, дүүрэгтээ хэрэгжүүлдэг аж. Англи хэлний ментор багш нарыг чадавхжуулах сургалтыг дээрх яамнаас энэ сарын 17-нд эхлүүлсэн бөгөөд 23-ныг дуустал үргэлжлэх нь. 2016-2022 онд англи хэлний ментор багшийн сургалтыг амжилттай дүүргэсэн шилдэг 100 багшийг шалгаруулан, үүнд хамруулж буй гэнэ. Багш нарын мэргэжлийн хөгжил, зөвлөн туслах чадварыг сайжруулах, орон нутаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зорилгоор энэ удаагийн сургалтыг дээрхЭСЯ-ныОлон нийттэй харилцах алба болон “Оюун сүндэр” олон улсын боловсролын төвийнхөн хамтран явуулж байгаа аж. Уг сургалтад уригдан оролцож буй багш нар өнгөрсөн хугацаанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн туршлагаасаа хуваалцан, ололт амжилт, тулгарсан бэрхшээлүүдээсээхарилцан суралцаж, цаашид хийх ажлуудаа төлөвлөж буй юм байна. Мөн баг бүрдүүлэн, орон нутгийн англи хэлний багш нарын мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх жижиг төсөл, хөтөлбөр боловсруулах аж. Тэд энэ сургалтын дараа аймаг, нийслэлийн англи хэлний багш нарт туршлагаа түгээх гэнэ.