Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэний дараа тус улсын Коммунист намын Төв хороо түүний хүсэлтийг хүлээн авчээ. Вьетнамын төрийн тогтолцоонд Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга хамгийн их нөлөөтэй ч Ерөнхийлөгч нь бас чухал эрх мэдэлтэй. Нгуен Суан Фук албан тушаалаасаа огцорсноор Вьетнамын эрх баригч элит дэх хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдөж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Ерөнхийлөгч ойрын үед огцорч магадгүй гэсэн яриа сүүлийн хэдэн долоо хоногт гарчээ. Нгуен Суан Фук Ерөнхий сайд байхад хамт ажиллаж байсан хоёр дэд сайд албан тушаалаа орхисны дараа тэрбээр огцрох мэдэгдэл хийв. Түүнчлэн хоёр сайд болон төрийн зарим албан хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Вьетнамын Коммунист нам авлигын эсрэг кампанит ажил явуулж, олон зуун гишүүнээ мөрдөн шалгаж байнаа аж.
Ерөнхийлөгчөө огцруулахын тулд тус улсын Үндэсний ассамблей уг асуудлаар ээлжит бус санал хураалт явуулна. Үүнийг албан ёсны алхам төдий зүйл болохыг шинжээчид тэмдэглэжээ. Вьетнамын Коммунист намын мэдэгдэлд Нгуен Суан Фукийн гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлсэн ч удирдлага дор нь байсан олон албан тушаалтны буруутай үйлдлүүдийн төлөө улс төрийн хариуцлага хүлээхийг онцолсон байна. “Нгуен Суан Фук нам, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлан бүх албан тушаалаасаа огцрох, ажлаасаа чөлөөлөгдөх, тэтгэвэрт гарах өргөдлөө өгсөн” гэж тус намын Төв хорооноос мэдэгдсэнийг “Vietnam news” эш татжээ.