Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо. Түр зөвшөөрөл авах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь www.smartcar.mn болон www.e-mongolia.mn веб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтээ илгээх боломжтой. Түр зөвшөөрлийн материал илгээх заавартай https://transport.ub.gov.mn/en/?page_id=4341 холбоосоор танилцаарай.
НИТХ-аас баталсан Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журмын дагуу B, C болон CE ангиллын автомашинууд журамд заасан байршлууд дахь замын хөдөлгөөнд 08:00-21:00 цагийн хооронд оролцохдоо түр зөвшөөрөл авдаг. Тэгвэл уг зөвшөөрлийг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Аж ахуйн нэгж, байгууллага:
- Хүсэлт гаргасан албан бичиг
- Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар
- Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/
- Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
- Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаа гэрээний хуулбар
Хувь хүн:
- Түр зөвшөөрөл авах хувийн хүсэлт
- Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж зам руу зайлшгүй зорчих шаардлагыг нотлох
- Баримт бичиг /ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх мэт/
- Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар
- Ачааны автомашин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан, дөрвөн талаас авсан зураг /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/
- Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэсэн бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ.
Дээрх материалуудыг бүрэн илгээсэн тохиолдолд хүсэлтийг өдөрт нь шийдвэрлэж байгаа бөгөөд цахимаар авсан зөвшөөрлийг хэвлэн ашиглах боломжтой.