БНХАУ-ын хүн ам өнгөрсөн онд 850 мянгаар буурч, нэг тэрбум 411 сая 750 мянга болжээ. Хамгийн сүүлд 1961 онд тус улсад өлсгөлөн болоход эл үзүүлэлт буурсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн жил Хятадад 9.56 сая хүн мэндэлж, 10.41 сая иргэн нь нас барсан аж. Тус улс 1980-аад оноос “Нэг гэр бүл, нэг хүүхэд” бодлого баримталж байсан. Харин 2015 оноос хоёр, 2021 оноос гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ. “France-presse” агентлагийн мэдээлснээр Хятадын эрх баригчид одоо гэр бүлүүдийг хүүхэдтэй болохыг дэмжих арга хэмжээ авч буй. Хүн ам нь хурдацтай хөгширч, эдийн засагт ажиллах хүч дутагдаж байгааг улстөрчид хүлээн зөвшөөрчээ. Үүний сацуу Хятадын ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд гурван хувь болж буурав. Албан ёсны таамаглал нь 5.5 хувь байсан юм. 2021 онд ДНБ нь 8.4, 2020 онд 2.2 хувиар өссөн билээ. Гурван хувийн өсөлт нь Хятадын сүүлийн 40 жилийн хугацааны хамгийн сул үзүүлэлтүүдийн нэг юм.