“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Аялал жуулчлалын төв сурагчдын амралтыг тохиолдуулан долоо хоног бүрийн баасан гарагт галт тэрэгтэй аялал зохион байгуулж эхэлжээ. Улаанбаатар-Дархан-Уул-Улаанбаатар маршруттай аялал нэг өдөр, хоёр шөнө үргэлжлэх бөгөөд Аялал жуулчлалын төв, Зорчигч тээврийн алба, Зорчигчийн вагон депогийн ажилтнууд хүүхдүүдийг хариуцах юм байна. Шаардлагатай тохиолдолд ангийн багш, гэр бүл, ойр дотнынх нь хүмүүс аялагч хүүхдүүдийг дагалдаж явах боломжтой гэнэ.
Сурагчид баасан гаргийн 20.00 цагт “Улаанбаатар төмөр зам”-ын төв буудалд цугларч, 30 минутын дараа аяллаа эхлүүлэх нь. Баасангаас бямба гарагт шилжих шөнийн 02.50 цагт зорьсон газартаа хүрч, унтлагын вагонд амарна. Харин маргааш нь Дархан-Уул аймагтай танилцах аяллаа морин хуурын хөшөөнөөс эхлүүлж, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, Дүүжин гүүр, “Дархан-50” цогцолбортой танилцан, тоглоомын талбайд саатаж, “Өргөө” кинотеатрт зочлох нь. Тэрчлэн хүүхдэд зориулсан, 2.2 км урт, Монголын анхны тусгай галт тэргээр парктзугаалах боломжтой.
Энэхүү аяллын зардал 98 мянган төгрөг аж. Үүнд өдрийн гурван удаагийн хоол, тусгай галт тэрэг болон Дархан-Уул аймгаар зугаалуулах автобусны зардал, хөтчийн төлбөр багтжээ. Гулгах сонирхолтой сурагчдад цана, чаргаа марталгүй авч явахыг аялал санаачлагчид зөвлөв. Ташрамд дурдахад, Засгийн газар 2023- 2025 оныг “Монголд зочлох жил” болгонзарласантай холбогдуулан “Улаанбаатар төмөр зам”-ын Аялал жуулчлалын төв амралт, баяр ёслол, тэмдэгдэлт өдрүүдээр тусгай хөтөлбөртэй аяллууд зохион байгуулахаар төлөвлөжээ.