Нэг сар гаруйн дараа NBA-ийн энэ улирлын төдийгүй лигийн түүхэнд тодоор бичигдэх түүхэн үйл явдал тохионо. Тодруулбал, “Лейкерс”-ийн лидер Л.Жэймс нийт авсан оноогоор К.Абдул-Жаббарыг гүйцэх юм. Каримын дээд амжилт олон жил хадгалагдсан агаад сагсан бөмбөг огт өөр байх үед тогтоогдсон билээ. Тэрхүү үеийг эргэн дурсъя.
Карим 39 жилийн өмнө NBA-ийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогч болсон юм. 1984 оны дөрөвдүгээр сарын 5-нд тэрбээр Мэжик Жонсоны дам жуулалтаар алдартай даллалттай шидэлтээ хийж, “Юта”-гийн эсрэг хоёр оноо авчээ. Ийнхүү Карим У.Чэмбер лэнийг гүйцэж, 31 240 дэх оноогоо авснаар лигийн түүхэн дэх шилдэг мэргэн бууч болсон. Тухайн үед “Лейкерс”-ийн дасгалжуулагч байсан П.Райли Каримыг түүхэн оноо гоо авсных нь дараа сэл гээнд суулгахыг хүссэн ч дур гүйцжээ. “Багийн болон миний нуруунаас асар том ачаа алга боллоо. Аваргалах нь бид ний зорилго. Одоо бид энэ зорилгодоо анхаарах боломжтой боллоо” гэж тухайн үед Карим сэтгүүлчдэд өгүүлсэн юм.
Каримыг түүхэн оноогоо авсны дараа тоглолтыг зогсоож, Лас-Вегас дахь “Томас энд Мак центр”-т (тухайн үед “Жааз” багийн ордон байв) цугласан үзэгчид баяр хүргэсэн байна. Эл явдлаас есөн сар орчмын дараа Леброн төрсөн билээ. Харин ирэх сарын эхээр тэрбээр Каримын мөнхийн гэгдэж байсан дээд амжилтыг эвдэнэ. Гэхдээ нийт оновчтой довтолгооны тоогоор Абдул-Жаббар Леброноос 1941-ээр илүү юм. Л.Жэймсээс ялгаатай нь Каримын үед гурван онооны шидэлт бараг байсангүй.
Карим 20 жил NBA-ттоглохдоо 38 387 оноо авсан ч ердөө 18 удаа гурвын зайнаас шидэж, ганцыг нь л оновчтой болгожээ. Түүнийг ийм цөөн удаа холын зайнаас шидсэнд учир бий. Нэгдүгээрт, түүнийг лигт 10 жил тоглоод байхад буюу 1979 онд NBA-т гурван онооны шидэлт бий болсон. Хоёрдугаарт, Абдул-Жаббар дундын зайнаас дэндүү оновчтой шиддэг байсан учраас заавал гурваас шидэх хэрэг байсангүй. Ялангуяа 218 см-ийн өндөртэй түүнийг даллаж шидэхэд эсрэг багаас хэн ч зогсоож чаддаггүй байсан юм. Чухам энэ гайхалтай шидэлтийнхээ ачаар тэрбээр лигт тоглосон эхний зургаан улирлынхаа дөрөвт нь дунджаар 30-аас дээш оноо авч байв. Довтолгооноос гадна хамгаалалтад ч онцгой тоглогч байлаа, Карим.
Чухам эдгээр шалтгааны улмаас Абдул-Жаббар зургаан удаа улирлын “Үнэцэнтэй тоглогч”-оор шалгарч байсан. Мөн 38 насандаа улирлын “Бэлгэдлийн баг”-т нэрлэгдэж, “Лейкерс”-тэй хамт авсан таван цомынхоо гуравдахийг хүртэж, финалын цувралын “Үнэцэнтэй тоглогч” болсон юм. Түүнчлэн 20 улирлын 19-т нь “Бүх оддын тоглолт”-д оролцож, үүнээс 17-д нь 20 оноо дунджилжээ. Тэрбээр энэхүү гайхалтай замналаа 42 насандаа өндөрлүүлж, зодог тайлсан.
Спортын эдгээр амжилтаас гадна Каримын замналаас онцлох ёстой өөр нэг онцлог бол хүнд гэмтэж байгаагүй нь. Тэрбээр хоолны дэглэм баримталж, бэлтгэлээ маш сайн хийж, усанд сэлэлтээр хичээллэж, домогт Б.Литэй тулааны урлагийн бэлтгэл хийж, иог, бясалгалаар хичээллэдэг байлаа. Тийм ч учраас лигт 20 жил тоглохдоо нэг ч удаа өвдөг, шагайны ноцтой гэмтэл авч байгаагүй биз ээ. Тэрбээр ердөө гурван улирлаас бусдад нь бүх 82 тоглолтод оролцсон юм.
Энэтал дээр Леброн түүнд яахын аргагүй атаархах нь дамжиггүй. Хэдий тэрбээр NBA-т20 дахь улиралдаа тоглож буй ч Абдул-Жаббараас 163-аар цөөн (бараг хоёр бүтэн улирал) тоглолтод оролцсон. Гэхдээ энэ нь мэргэн буучийн жагсаалтын эхэнд бичигдэхийн тулд Леброн харьцангуй цөөн тоглолтод оролцсон гэдгийг бүрэн илэрхийлж чадахгүй. Хэрэв Каримыг лигт тоглосон эхний 10 улиралд гурван онооны шидэлт байсан бол тэрбээр магадгүй бүр ч их оноо авсан (зарим мэргэжилтэн 1020-иор илүү оноо авах боломжтой гэж үздэг) байх магадлалтай.
Абдул-Жаббар бүхий л талаараа онцгой тоглогч байсан юм. Тэрбээр нэгэн цаг үеийн нүүр царай, сагсан бөмбөгийн түүхэнд үүрд дурсагдах тоглогч. Хэдий тун удахгүй Леброн NBA-ийн онооны лидер болж, оргилд гарах хэдий ч Каримын өв хэзээ ч мартагдахгүй. Тэрбээр бараг дөрвөн арваны турш энэ үзүүлэлтээр лидер байсан бол одоо залуу үед халаагаа өгөх цаг нь иржээ. Домогт төвийн тоглогч маань тэрхүү өдрийг бидний адил тэсэн ядан хүлээж буй гэдгээ саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.
Бэлтгэсэн Н.Энх