Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулна. Олимпиад 5 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд болно. Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш энэ удаагийн олимпиадад оролцох юм. Олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажил өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг Монголын физикийн нийгэмлэг зохион байгуулж байгаа бол МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар удирдаж байна.
Азийн физикийн олимпиадад нэг улс 10 хүний бүрэлдэхүүнтэй 1 баг бүрдүүлж оролцдог. Зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэх эрхтэй. Өнөөдрийг хүртэлх сорилуудын үр дүнгээр Азийн 23 дахь удаагийн физикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эхний 4 сурагч тодроод байна. Тэдэнд олимпиадад оролцох батламжийг гардууллаа. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдрийн арга хэмжээнд оролцох үеэрээ байгалийн ухааны хичээлийг судлахаас гадна амьдралд хэрэглэдэг болох нь хамгийн чухал гэж онцоллоо. Хэрэглээг нэвтрүүлэхэд энэ олимпиад чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн юм.