Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг иргэдийн оролцоотойгоор төсөвт дарамт учруулахгүй, хугацаа алдахгүй шийдэх боломжтойг харуулах зорилготой нэвтрүүлэг, контент хийдэг, сайн дурын залуусын нэгдэл “Моод” хамтралынхан МУБИС-ийн уулзвар дахь явган хүний гарцыг стандартын тэмдэглэгээтэй болгожээ. Замын хөдөлгөөний дүрэм ёсоор бол зорчигчид гарцаар гарахдаа баруун гар талаа баримталж явах ёстой. Гэвч иргэд үүнийг тэр бүр мэддэггүй, баримталдаггүй. Мөн гарцуудад үүнийг харуулсан тэмдэглэгээ байдаггүй. Үүнээс болоод явган зорчигчид мөргөлдөх, түгжрэх зэрэг эмх замбараагүй байдал үүсдэг. Тэгвэл дээрх хамтралын залуус хамгийн ачаалалтай гарцыг сонгож, стандартын дагуу тэмдэглэгээ тавьжээ. Түүнчлэн дугуй болон скүүтэртэй зорчигчдод зориулсан тусгай тэмдэглэгээ хийсэн байна. Ингэснээр явган зорчигчид болон дугуй, скүүтэртэй хүмүүс гарцаар эмх цэгцтэй, чөлөөтэй зорчих боломж бүрдэв.
“Моод”-ынхон “Чадах чадахаараа цэгцэлье” төслийнхөө хүрээнд нийгэмд чиглэсэн цөөнгүй ажил хийсэн бөгөөд тэр хэрээрээ олонд танигдаад байна. Тиймээс тэдний санаачлан хэрэгжүүлж буй ажлуудыг төр, хувийн хэвшлийн байгууллагынхан сайн дураараа дэмжиж, хамтран ажиллах болжээ. МУБИС-ийнуулзварын гарцыг “цэгцлэх” ажилд гэхэд “Дурдан зам”, “Хабрид хаус” ХХК, “Моннис” групп, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ, Тээврийн цагдаагийн алба зэрэг 10 орчим байгууллагынхнаас гадна сайн дурын залуус, инженер техникийн ажилтнууд оролцсон гэнэ.
“Моод” нэвтрүүлгийн продюссер Б.Болд “Хүн бүр өөрт тулгамдсан асуудлыг олж харж, түүнийгээ бусдад гомдоллолгүй, найдалгүй шийдвэрлэх гэж оролддог, шийддэг байвал улс орон хөгжинө. Бид үүнийг ойлгуулахыг хүсдэг. Явган хүний гарц ийм байгаасай гэдэг үүднээс МУБИС-ийн уулзварыг тэмдэгжүүллээ. Энэ нь ийм тэмдэглэгээтэй, цэгцтэй зохион байгуулалттай анхны гарц болж байна. Бидний хийснийг харчихаад, төрийн байгууллагынхныг, эсвэл өөр хүмүүсийг ажлаа хийсэнгүй гэж бүү шүүмжлээсэй. Монголчууд нэгнээ үнэлдэг, хүндэлдэг, шаардлагатай үед хамтарч ажиллаж чаддаг байх нь чухал” гэсэн юм. Ташрамд дурдахад, зам засах, тэмдэг, тэмдэглэгээ тавих ажлыг дулааны улиралд, таван градусаас дээш температуртхийх ёстой гэнэ. Харин тус ажлыг технологийн горимын дагуу хийхийн тулд түр хугацаанд вакум орчин бүрдүүлжээ.