АНУ-д бас нэгэн дуулиан дэгдэв. Ерөнхийлөгч Жозеф Байдены ажлын хуучин газар болон гэрээс Барак Обамагийн засаг захиргааны үеийн нууц баримт бичгүүд олджээ. Тэдгээрийг 2017 онд хураалгах ёстой байв. Төрийн тэргүүний хувьд тун таагүй энэ явдал өнгөрсөн оны наймдугаар сард тус улсын Ерөнхийлөгч асан Дональд Трампын өргөөнөөс олдсон нууц файлуудтай холбоотой дуулиантай төстэй. Улс төрийн өрсөлдөгчөө хайхрамжгүй, хариуцлагагүй хэмээн буруутгаж байсан Жозеф Байден хэдхэн сарын дараа түүнтэй нэг завинд сууна гэж бодоогүй байх. Өрсөлдөгч улс төрийн намуудын удирдагч нарын хувь заяа одоо АНУ-ын Хууль зүйн яамны гарт орсон бөгөөд тус байгууллагаас уг хоёр хэргийг шалгах тусгай прокуроруудыг аль хэдийн томилжээ.
НУУЦ МАТЕРИАЛУУД
Америкийн “CBS news” телевиз Байдены ажиллаж байсан газраас тус улсын Дэд Ерөнхийлөгч байх үеийнх нь нууц бичиг баримт олдсоныг энэ сарын 12-нд мэдээлэв. Хуулийн дагуу болтэрбээр ажлаасаа гарсны дараа шууд АНУ-ын Үндэсний архивт тэдгээрийг шилжүүлэх ёстой аж. Тодруулбал, нууц материалууд 2017 оноос хойш Байден хувийн албан газар болгон ашиглаж байсан, дипломат бодлого, олон улсын хамтын ажиллагааны “Penn Biden center” төвийн Вашингтон дахь салбарт байсан гэнэ.
Цагаан ордон үүнийг нотолж, “Байдены туслахууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-нд Засгийн газрын баримт бичгүүдийг олсны цөөн тооных нь “нууц” зэрэглэлийнх байсан” гэжээ. CNN-ийн мэдээлснээр олдсон баримтууд дунд АНУ-ын тагнуулын албаны тэмдэглэл, Украин, Иран, Британитай холбоотой товч танилцуулга зэрэг материал байв.
Энэ мэдээ түүнийг Мексикт, тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нартай уулзаж байх үед гарсан аж. Ж.Байден судалгааных нь төвөөс Засгийн газрын баримт бичиг олдсон нь гэнэтийн зүйл болсон гээд, мөрдөн шалгахад хамтран ажиллахаа амласан байна.
Илэрсэн баримт бичгүүдийг Ерөнхийлөгчийн өмгөөлөгч нар нэн даруй Үндэсний архивт хүлээлгэн өгсөн бөгөөд Төрийн тэргүүн АНУ-ын Хууль зүйн яамтай холбогджээ. Баримт бичгүүд Байдены судалгааны төвд хэрхэн орсон, Ерөнхийлөгч хууль зөрчсөн, эсэхийг тус яам тогтооно гэж Цагаан ордон мэдэгдэв. Нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг энэ олон жилийн турш хэр найдвартай хадгалсан, хэн тэдгээртэй танилцаж байсныг тодруулах шаардлагатай гэнэ.
Мөн энэ сарын 12-нд Делавер муж улсын Вилмингтон дахь Ерөнхийлөгчийн гэрээс бас нууц материалууд олдсон нь ил болжээ. Чухам хэчнээн баримт бичиг байсан нь тодорхойгүй ч тэдгээрийн нэг хэсэг нь Байдены гараашаас, 1967 онд үйлдвэрлэсэн, ховор “Chevrolet stingray” спорт машины ойролцоогоос олдсон байна.
“ЭНЭ БОЛ ӨӨР ЗҮЙЛ”
Ардчилсан намынхан нууц мэдээлэлтэй буруу харьцсантай холбоотой дуулианы анхаарлын төвд орсон анхны тохиолдол энэ биш юм. Хиллари Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан захидлаа хувийн шуудангийн сервер ашиглан илгээдэг байсан нь 2016 онд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ид оргил үед ил болсон. Үүнийг өрсөлдөгч Дональд Трамп Ардчилсан намаас нэр дэвшигчийн үйлдсэн гэмт хэрэг гэж нэрлэж байв. Засгийн газрын шуудангийн оронд хувийнхыг ашигласан нь нэг талаас Х.Клинтоны захидал харилцааг хакер, тагнуулчдад илүү өртөмтгий болгож, нөгөө талаас зарим мэдээллийг АНУ-ын Засгийн газраас нуух боломж олгосныг шүүмжлэгчид онцолжээ. Энэ дуулиан нь Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын чухал хэсэг байсан бөгөөд тэргүүн хатагтай асны хувьд Ерөнхийлөгчийн суудлаа алдахад хүргэсэн билээ.
2022 оны наймдугаар сард Холбооны мөрдөх товчооны олон арван ажилтан Д.Трампын Флорида дахь Мар-а-Лаго эдлэнд нэвтэрч, 20 хайрцаг нууц бичиг баримт авчирчээ. Тэр үед олдсон бүх бичиг баримтыг аль хэдийн нууцын зэрэглэлээс гаргасан байсан бөгөөд Хууль зүйн яамны хүсэлтийн дагуу сайн дураараа хүлээлгэн өгөхөд бэлэн байна гэж Д.Трамп мэдэгдсэн аж. ХаринАрдчилсан намын өрсөлдөгчид, тэр дундаа Байден шүүмжилсэн, тус улсын Ерөнхийлөгч асанд ямар ч зөвтгөл тус болсонгүй. “Яаж ийм зүйл тохиолдож болох вэ. Хүн яаж ийм хариуцлагагүй байж чаддаг байна аа” гэж Америкийн одоогийн Төрийн тэргүүн өнгөрсөн оны есдүгээр сард хилэгнэсэн билээ.
Гэтэлзургаан сар хүрэхгүй хугацааны дараа Байденаас өөрөөс нь нууц баримт бичгүүд илрүүлжээ. Мэдээжийн хэрэг, Ардчилсан намыг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Энэ бол өөр зүйл”, уг хоёр хэргийн хооронд ямар нэг ижил төстэй юм байхгүй хэмээжбайна. Ардчилсан намын гол давуу тал нь Байдены баг нууцын зэрэглэлтэй бичиг баримт олсноо эрх баригчдад сайн дураараа мэдээлсэн. Гэтэл Трампын тухайд шүүхийн шийдвэр гаргаж, Холбооны мөрдөх товчооныхоннэгжлэг хийх шаардлагатай болжээ.
Тэрчлэн Байденыг дэмжигчид түүний албан тасалгаанаас хамаагүй цөөн тооны нууц бичиг баримт олдсоныг онцлон тэмдэглэв. Байденаас 10 гаруйхан баримт олдсоны нэг хэсэг нь л “маш нууц” гэсэн дардастайбайсан. Харин Трампад дор хаяж 325 баримт бичиг байсны 60 нь нууцлалын дээд зэрэгт хамаатай гэнэ. Эдгээрт Делаверээс олдсон хамгийн сүүлийн үеийн нууц баримт бичгүүд ороогүй бөгөөд хоёр улстөрчийн хуульчид архивт өгөөгүй материалыг хайсаар байгаа тул эцсийн тоо өөрчлөгдөж магадгүй аж.
Гэсэн хэдий ч энэ хоёр тохиолдол бараг бүх талаар ижил байна гэж ажиглагчидүзэжбуйюм. Тэднийхэлснээр Байден болон Трампын хэргүүдийн ижил төстэй байдлыг хоёр тал идэвхтэй ашиглах ч өөр зорилготой байх гэнэ. Бүгд найрамдахчууд энэ дуулианыг Байден болон түүний намын байр суурийг бүхэлд нь хөндөхийн тулд ашиглахыг оролдоно. Түүний хуульчид нөхцөл байдал ижил төстэй байсан ч Трампаас ялгаатай нь Байден мөрдөн байцаалтад хамтран ажилласан хэмээн нотлох аж.
Байден одоогийн Төрийн тэргүүн учраас зөрчлийг нь Трампынхаас ялгаатай, илүү ноцтой гэж бүгд найрамдахчууд үзэж байгаа бөгөөд эрх баригчдыг хоёр нүүр гаргасан хэмээн шүүмжилж буй. “Тэд Цагаан ордон руу дайрах уу. Ерөнхийлөгч Байденыг тэд Трампын араас мөшгөсөн шигээ эрч хүчтэй явах уу” гэж Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүн, Трампын зөвлөх асан Макс Миллер эгдүүцжээ.
АНУ-ын Конгрессын завсрын сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө буюуөнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр нууц баримт бичгүүдийн эхний хэсэг олдсон бөгөөд энэ нь ардчилсан намынхны хувьд амаргүй асуудал үүсгэх байв. Гэсэн ч үүнийг Байдены багийнхан өнөөг хүртэл буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах хүртэл нуун дарагдуулжээ. Одоо ч гэсэн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер энэ дуулиантай холбоотой, сэтгүүлчдийн асуултад хариулахаас зайлсхийж, Ерөнхийлөгч болсон явдалд нухацтай байгаа хэмээн тарни мэт давтажбуйгэнэ.
Баримт бичгүүд олдсоныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр мэдэгдсэн бол Байдены нэр хүнд унаж, бүгд найрамдахчуудын хувьд цагаа олсон бэлэг болж, сонгогчдоос илүү дэмжлэг авах боломжтой байсан гэж шинжээчидтэмдэглэв. “Хэд хэдэн улс дахь Америкийн тагнуулуудыг илчилж болох баримтууд тэндээс олдсон” гэж тэрбээр тодотгожээ.
Үүний сацуу Байдены судалгааны төвтэй холбоотой Пенсильванийн их сургууль сүүлийн хэдэн жилийн хугацаанд Хятадаас 30-60 сая ам.долларын хандив авсан аж. Хариуд нь Хятадын тагнуулууд Байдены ажлын байранд хадгалагдаж байсан нууц баримт бичгүүдэд нэвтэрч чадсан гэж Трамп хэдийн мэдэгдсэн. Үүнийг “Penn Biden center” үгүйсгэж байна.
“НУУЦ ИНГЭЖ ИЛЧЛЭГДЭХ ҮҮНЭЭС МУУ ҮЕИЙГ ТӨСӨӨЛӨХ АРГАГҮЙ”
Жозеф Байдены нууц бичиг баримттай холбоотой дуулиан тун эгзэгтэй үед ил болов. Түүний нам завсрын сонгуулиар төсөөлж байснаас хамаагүй илүү амжилт олсон бөгөөд тэрбээр 2024 онд өрсөлдөх төлөвлөгөөгөө ойрын саруудад албан ёсоор зарлахаар бэлтгэж байлаа.
Харин бүгд найрамдахчуудын бүтэлгүйтэл ардчилсан намынханд ашигтайгаар эргэжээ. Олонх болсон ч дотоод хуваагдлын улмаас “хүчтэнүүдийн нам” Төлөөлөгчдийн танхимын даргаа томилж чадахгүй, 15 удаа оролдсоны эцэст саяшийдэлд хүрсэн.
Баримт бичгийн дуулиан Цагаан ордны эдийн засгийн ололт амжилтыг мөн дарж орхив. Тодруулбал, энэ сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч сэтгүүлчдийг инфляц буурсан талаарх мэдээг хуваалцахыг урьсан ч энэ үеэр дахин баримт бичиг олдсон нь тодорхой болж, хэвлэлийнхний бүх асуулт үүнд чиглэжээ. “Нууц ингэж илчлэгдэх үүнээс муу үеийг төсөөлөх аргагүй” гэж CNN телевиз дүгнэсэн байна.
Конгресс дахь Бүгд найрамдах намынхан Ж.Байден, түүний засаг захиргаа, төрөл төрөгсөдтэй нь холбоотой мөрдөн шалгалт эхлүүлэхээр бараг л жагсаж. Төлөөлөгчдийн танхимын хэд хэдэн хороо ажлаанэг зэрэг эхлүүлжээ. Афганистанаас Америкийн цэргийг гаргасан, Ардчилсан намаас АНУ-ын Хууль зүйн яам зэрэг Засгийн газрын агентлагуудыг “зэвсэглэсэн”, хилийн боомтууд дахь шилжилт хөдөлгөөний хямрал, коронавирусийн гарал үүсэл, бүгд найрамдахчуудын хамгийн дуртай сэдэв болох хүү Хантер Байдены Украин, Хятадад байгуулсан сэжиг бүхий гэрээнд Ерөнхийлөгч оролцсон, эсэх асуудлыг хуралдааныхаа үеэр тодруулах гэнэ. Конгрессын гишүүд холбогдох яамнаас санхүүгийн тайланг нь авах хүсэлтээ хэдийн гаргасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч нууц бичиг баримтыг хайхрамжгүй хадгалсан хэргээр 10 хүртэл жилийн хорих ял авч магадгүй гэж Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүн Пол Госар мэдэгджээ.
Байдены нууц баримтуудыг илрүүлсэн нь АНУ-ын Хууль зүйн яаманд ноцтой асуудал үүсгэжээ. 2024 онд нэр дэвшихээр төлөвлөж байгаагаа хэдийн зарласан Трампыг мөрдөн шалгах ажиллагаанд одоогийн Төрийн тэргүүнийг байцаах асуудал нэмэгдсэн аж. Өмнөх засаг захиргааны үед Мэрилэнд муж улсын прокуророор ажиллаж байсан, Трампын туслах Роберт Хур Ж.Байдены хэргийг шалгах болжээ. Тусгай прокурор бүгд найрамдах намынхны талд хэр тоглохыг таамаглах аргагүй ч хуучин хамтрагчид нь түүнийг жинхэнэ мэргэжилтэн, шударга, улстөржилгүй мөрдөн шалгалт явуулна хэмээн найдаж буйюм. Энэ нь Трампад таалагдах нь юу л бол. Учир нь хэргийг хариуцаж буй Жек Смит өөрийг нь үзэн яддаг шиг Байденыг үзэн ядах хүнээр түүнийг шалгуулахыг Трамп уриалсан аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар шинэ дуулиан Америкийн улс төрийн элит доторх хагарлыг улам хурцатгах магадлал бага ч хэвлэл мэдээллийн хэрэгслээрх сөргөлдөөнд гал гарах нь гарцаагүй. Бүгд найрамдахчууд Байденыг огцруулахыг оролдох бол ардчилсан намынхан Трампыг шүүхэд өгөхийг эрмэлзэнэ. Гэсэн ч нууц баримт бичгүүдийн түүхэн ач холбогдлыг хэт үнэлэхгүй байхыг ажиглагчидуриалаад, “Америкийн олон нийт ийм дуулиан шуугианд дассан, түүгээр ч амьдардаг. Гэхдээ дуулиан шуугиан хурдан мартагддаг. Ирэх Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд энэ сэдэв чухал биш болно” гэжээ.