Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, өмгөөлөгч асан Тан Зитянийг тус улсын эрх баригчид өнгөрсөн бямба гарагт сулласныг NHK телевиз мэдээллээ. Түүнийг 2021 оны арванхоёрдугаар сард саатуулсан бөгөөд түүнээс хойш хаана байгаа нь тодорхойгүй болсон юм. Хятадын эрх баригчид газар, байшинг нь хууль бусаар булаан авсан хүмүүст Тан тусалдаг байжээ. Засгийн газраа шүүмжилснийх нь төлөө 2010 онд түүний өмгөөлөгчийн эрхийг цуцалсан аж. Тэрбээр суллагдсанаа дэмжигчдээрээ дамжуулан ням гарагт мэдэгдсэн байна.
Японд сурч байсан охин нь 2021 оны дөрөвдүгээр сард менингитээр хүндээр өвчилж, түүнээс хойш ухаангүй байгаа аж. Хятадын эрх баригчид үндэсний аюулгүй байдлын үүднээс Таныг охинтойгоо уулзахаар тус улсаас гарахыг зөвшөөрөөгүй гэнэ. Түүнийг хууль бусаар баривчилсан бөгөөд одоо охиноо эдгээх нь хамгийн чухал болохыг Тан дэмжигчдэдээ илгээсэн захидалдаа бичжээ. Хятадын эрх баригчид түүнийг баривчилсан болон сулласан талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.