Нийтийн тээврийн паркийг шинэчлэх ажлын хүрээнд манай улс урд хөршөөс 200 гаруй автобус авчбайгаа. Үүнээс энэ сард 100 автобус оруулж ирэхээр болсон бөгөөд эхний ээлжийн 30 автобусыг хүлээн авч, өчигдрөөс үйлчилгээнд гаргажээ. Тэгвэл эхний 100 автобусыг явуулах чиглэлүүдийг гаргаснаа нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв. Парк шинэчлэлийн хүрээнд шинээр 10 чиглэл нээж, 44 автобус явуулахаар шийдвэрлэжээ. Үүнээс “Шинэ Яармаг” хороолол-Сонсголон-Таван шар, III, IV хороолол-Нисэх чиглэлд хамгийн олон буюу тус бүр 10 автобус явуулахаар төлөвлөсөн байна. Мөн 120 мянгат-“Туул гарден” гэсэн шинэ чиглэлд найман автобусаар иргэдэд үйлчлэх нь. Үлдсэн 56 автобусыг богино эргэлтийн 19 чиглэлд явуулахаар төлөвлөсөн аж.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, шинэ суурьшлын бүсэд нийтийн тээвэр хүргэх зорилгоор төлөвлөлтөө гаргасан. Богино эргэлтийн үйлчилгээний хувьд тухайн чиглэл дэх автобусны хүлээгдлийн хугацааг бууруулах зорилготой. Шинэ автобуснуудыг зорчигчдын урсгалын судалгаанд үндэслэн аль болох жигд, хүртээмжтэй хуваарилсан. Ирэх сард хүлээн авах 107 автобусаа ч энэ жишгээр хуваарилна” гэв. Нийтийн тээврийн шинэ төлөвлөлтийг гаргахдаа иргэдийн санал, хүсэлтэд үндэслэсэн аж.
Бэлтгэсэн М.Оч