Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар дараах мэдээллээ. Тэрбээр, "Анх 2009 онд хүүхдийн мөнгийг халамж хэлбэрээр олгосон. Тухайн үед хүмүүс өрхүүдээр явж, айлуудын цахилгаан бараа зэргийг бүртгэж байв. Цар тахлын хүнд үед 20 мянгаа 100 мянган төгрөг болгосон. Өөрөөр хэлбэл, цар тахлын эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, өрхийн амжиргааг дэмжиж өгсөн нь чухал ач холбогдолтой байсан. Гэвч халамж байгаа онохгүй байна гэх шүүмжлэл ихээхэн гарах болсон. Хүүхдийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Халамжийн хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгө бол халамж мөн гэж үзсэн. Иймд энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд л хүүхдийн мөнгө олгож байх, бодлогын шилжилт хийсэн. Сүүлийн гурван жилийн турш өрхүүд хүүхдийн мөнгө авч дадал болсон тул шууд хасах нь иргэдэд хүндрэлтэй. Энэ оноос эхлэн нийт хүүхдийн 9 хувьд л мөнгө олгохгүй. Бүртгэлтэй холбоотой асуудал үүссэнээс өрхийн орлого болон хөрөнгө өндөр гарлаа. Хүүхдийн мөнгө авна гэсэн хүлээлттэй байсан иргэд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан тул бухимдалтай байна. Төрийн мэдээллийг шинэчлээгүй, үүнд хяналт тавьж чадаагүйдээ уучлал хүсэж байна. Мэдээллийн давхардлыг Цагаан сараас өмнө залруулна. Иргэдтэй хоёр талаас хамтран ажиллаж, мэдээллийн сангаа цэгцэлье. Учир нь мэдээлэл эзэмшигч нь иргэд өөрсдөө учраас заавал зөвшөөрсөн тохиолдолд мэдээллийг шинэчлэх юм.
Энэ сарын 20-нд хүүхдийн мөнгийг өгнө. Гэвч мэдээллийн зөрүүний улмаас хүүхдийн мөнгөө цагтаа авч чадаагүй иргэдэд нөхөж олгоно. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг бас өгнө. Түүнчлэн Цагаан сар дөхөх учраас үүнтэй уялдуулан, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж нэг дор өгөхөөр бэлтгэлээ хангаж эхэлсэн" гэх мэдээллийг өглөө.